
Их Британийн Засгийн газар татварын хэмжээг эрс бууруулах замаар амьжиргааны өртгийн хямралыг даван туулах бодлого нь амжилтгүй болсныг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ цуцлаад буй ч энэ нь моргейжийн зээлийн өртгийн огцом өсөлтийг сааруулахад нөлөөлж чадаагүй байна. Ингэснээр Их Британийн орон сууц эзэмшигчдэд моргейжийн зээлээ дахин санхүүжүүлэхэд хүндрэл учирч, цаашлаад үл хөдлөх хөрөнгөө зарах шаардлага үүсээд байгаа юм.
“Moneyfacts Group”-ийн тооцоолсноор тус улс дахь моргейжийн зээлийн хоёр жилийн тогтсон хүү мягмар гарагт 5.97 хувь болон өсжээ. Энэ нь есдүгээр сарын 23-нд Сангийн сайд Кваси Квартенг татварын хөнгөлөлтийн бодлогоо танилцуулж, зах зээлд тогтворгүй байдал үүсгэснээс хойш 1.5 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн зээлдүүлэгчид хөрөнгийг үнэлэхдээ голчлон ашигладаг хоёр жилийн тогтсон хүүний своп хэлцлийн өгөөж 2008 оны санхүүгийн хямралаас хойших дээд түвшиндээ хүрсэн байна.
“Моргейжийн зээлийн хүү зургаан хувь хүрсэн нь дахин санхүүжилт хийх бололцоог 2007 оны уналтын өмнөх түвшин, мөн 1990 оны түвшинтэй ойролцоо хэмжээнд аваачих юм” хэмээн орон сууцны зах зээлийн шинжээч Нил Хадсон өгүүлжээ.
Үүний зэрэгцээ Европын Төв банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр арилжааны банкнууд хэрэглэгчдэд олгох зээлийн хүүгээ өсгөж эхэлснийг өмнөх сарын Евро бүсийн моргейжийн зээлийн тоо баримт харуулж байна. Наймдугаар сард Евро бүсийн моргейжийн зээлийн хүү 2.26 хувь хүрсэн нь сүүлийн долоон жилийн дээд үзүүлэлт болсны зэрэгцээ 2022 оны эхэн үеэс хойш бараг бүтэн нэгж хувиар нэмэгдсэн дүн болжээ.
Есдүгээр сард бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөөд буй Европын Төв банк энэ сарын эцсээр мөн бодлогоо чангаруулах төлөвтэй байгаа тул зээлийн хүү дахин өсөх хүлээлт улам баталгаажиж байна.