
Сансрын судалгааны шинэ эринд АНУ-ын гол өрсөлдөгч болохоор зорьж буй БНХАУ ирэх 10 жилд сарыг судлахаар гурван удаагийн нисгэгчгүй даалгавар гүйцэтгэхээр төлөвлөж байна.
БНХАУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг “Chang’e” хөтөлбөрийн хүрээнд сарны тойрог замаас судалгаа хийх гурван хөлөг хөөргөх зөвшөөрөл авсан тухай албаныхан мэдэгдсэнийг CCTV мэдээллээ.
БНХАУ мэдэгдлээ “Chang’e-5” судалгааны хөлгийн цуглуулсан сарны хөрсний дээжээс шинэ эрдэс илрүүлснээ зарласны маргааш хийсэн юм. “Changesite-(Y)” хэмээн нэрлээд буй энэхүү эрдэс өнгөгүй, багана хэлбэрийн талст бүтэцтэй гэж тодорхойлжээ. Мөн ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр гэгддэг “Гели-3” изотоп энэхүү эрдэст агуулагдаж байгаа хэмээн судлаачид үзсэн байна.
Сүүлийн жилүүдэд БНХАУ сар руу судалгааны хөлгүүд илгээх, өөрийн сансрын станц байгуулах, цаашлаад Ангараг гарагийн судалгаанд анхаарах зэргээр АНУ-тай шууд өрсөлдөхөөр төлөвлөж, сансар судлалын салбарт амбиц өндөртэй байгаа юм. NASA-ийн хувьд Ангараг дээр судалгааны хөлгөө аль хэдийн газардуулсан төдийгүй 2030 оноос өмнө саран дээр дахин хүн буулгахаар ажиллаж байна. Сансрын олборлолт гэх ойлголт их гүрнүүдийн дараагийн зөрчлийн эх үүсвэр болно гэгдэж буй өнөө үед АНУ, БНХАУ хоёулаа сарны эрдсүүдийг хараандаа аваад байгаа юм.
Хагас зууны дараа эргэн саран дээр очих зорилготой АНУ-ын “Artemis I” хөтөлбөрийн пуужинг хөөргөх тов хойшилсны дараа хоёр улс ширүүхэн мэдэгдлүүд хийгээд амжсан. NASA-ийн захирал Билл Нельсон БНХАУ-ыг сансрын технологийн хулгайд буруутгаснаас гадна сүүлийн үед тус улс сансрын хог хаягдалтай холбоотой шүүмжлүүлэх болсон юм.
БНХАУ-ын сарны судалгааны хөтөлбөр анх 2004 онд эхэлж, гурван жилийн дараа анхны хөлгөө хөөргөж байв. БНХАУ-ын домогт гардаг сарны охин тэнгэрийн нэрээр нэрлэсэн “Chang’e” хөтөлбөр нь ойрын үед сарны гадаргаас дээж цуглуулахад голлон анхаарч байгаа аж. Мөн “Chang’e-7” хөтөлбөрөөр ус олдох магадлал хамгийн өндөр гэж эрдэмтдийн үздэг сарны өмнөд туйлд судалгаа явуулах юм байна. NASA ч мөн сарны энэ бүсэд онцгой анхаарч байгаа юм.
БНХАУ алсдаа саран дээр Олон улсын судалгааны станц байгуулахаар зорьж буйг тус улсын Сарны судалгаа, сансрын хөтөлбөрийн төвийн ажилтан Лю Жижон онцолж байна.