
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, газрын тос, хийн хайгуулын “TMK Energy” компани нүүрсний давхаргын метан хий олборлох “Гурвантэс XXXV” төслийн туршилтын цооног өрөмдлөгийн хөтөлбөрөө эрчимжүүлэхээр 5.7 сая ам.долларын санхүүжилт босгож байгаагаа мэдэгдлээ.
Ингэхдээ одоогийн болон шинэ хөрөнгө оруулагчдаас нэгж хувьцааг 0.0145 ам.доллароор үнэлэн 393 сая орчим нэгж энгийн хувьцаа гаргасан байна.
Шинэ санхүүжилт босгосноор Нарийн сухайтын зүүн төв хэсэгт төвлөрөх 2023 оны хайгуулын хөтөлбөрөө өргөтгөх боломжтой болж байгаа аж. Хайгуулын хөтөлбөрийг одоо үргэлжилж буй Нарийн сухайтын гурван цооногийн өрөмдлөг дууссаны дараа буюу 2023 оны III улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү төслийн цооног өрөмдлөгийн гүйцэтгэгчээр “Major Drilling” компани ажиллах бөгөөд гэрээгээ байгуулж, тоног төхөөрөмжөө талбайд байрлуулж эхлээд байгаа аж. Туршилтын өрөмдлөгөөр хоорондоо 200 метрийн зайтай гурван цооногоос бүтээгдэхүүн гаргаж авахаар төлөвлөсөн байна.
Гурван цооногийн өрөмдлөг 50 орчим хоног үргэлжлэх төлөвтэй байгаа бол өрөмдлөг дууссаны дараа гүний шахуурга суурилуулах, газрын гадаргуу дээрх төхөөрөмжүүдэд холбох ажилд дахин нэг сар орчим хугацаа зарцуулах юм байна.