logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ-ын Коммунист намын их хурал дээр Ши Жиньпиний хөндсөн гол сэдвүүд
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 17 11:55
    131
    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Коммунист намын XX их хурлыг нээж, хоёр цаг гаруй илтгэл тавив

    БНХАУ-ын Коммунист намын XX их хурал ням гарагийн өглөө Бээжин хотноо эхэллээ. БНХАУ-ын өнцөг булан бүрээс 2300 гаруй төлөөлөгч Бээжингийн Ардын их хурлын танхимд долоо хоногийн турш хуралдаж, өнгөрсөн таван жилийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэж, дараагийн таван жилд баримтлах үндсэн зарчмуудаа батлах юм.

    Энэ удаагийн хурлаар Ши Жиньпин гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, Мао Зедунаас хойших БНХАУ-ын хамгийн хүчирхэг удирдагч гэсэн байр сууриа бэхжүүлэх хүлээлттэй байна.

    640x-1.jpg

    Ши Жиньпин XX их хурлыг нээж, хоёр цаг гаруй урттай илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ "Цар тахлын эсрэг БНХАУ-ын хичээл зүтгэл, мөн үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахад Коммунист намын гүйцэтгэсэн үүргийг сайшаан тэмдэглэсэн" байна. Түүнчлэн Хонгконгийг бүрэн хяналтдаа оруулж, эмх замбараагүй байдлаас засаглал руу шилжүүлж чадсанаа мэдэгджээ. Харин "Тайванийн асуудлыг БНХАУ-ын ард түмэн шийдвэрлэх ёстой бөгөөд үүний тулд энхийн арга замыг чухалчлах боловч хүч хэрэглэх эрхээсээ БНХАУ хэзээ ч ухрахгүй болох"-ыг онцолсон байна. 

    Сонирхуулахад, Ши Жиньпин илтгэлдээ "аюулгүй байдал" гэсэн үгийг 89 удаа хэрэглэсэн нь 2017 оны Ардын их хурлын илтгэлээс нь 55-аар өссөн үзүүлэлт болж байгаа аж. 

    Дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал хурцдаж, эдийн засгийн уналтын эрсдэл нүүрлэж, Монгол Улсын хувьд ч хил гааль, гадаад худалдааны талд анхаарах асуудлууд олон болоод буй энэ үед БНХАУ-ын бодлого хаашаа чиглэхээр байгааг Ши Жиньпиний илтгэлээс харж болохоор байна.

    Гадаад бодлого

    Ши Жиньпин олон улсад БНХАУ-ын нөлөөлөл мэдэгдэхүйц тэлснийг онцолсон ч дэлхий дахинд нөхцөл байдал цаашид улам тогтворгүй болох төлөвтэй учраас ирээдүйд илүү "хүчтэй шуурга"-нд бэлдэх хэрэгтэйг анхааруулжээ. Мөн БНХАУ хэв маяг бүхий дипломат бодлогыг баримталж, нэг талт үзэл, дотоодын зах зээлд гаднын өрсөлдөөнийг хязгаарлах үзэл буюу протекционизм, бага буурай орныг дээрэлхэх үзлээс ангид байсаар ирснийг онцолсон байна. 

    Харин Тайванийн асуудлыг хөндөхдөө "БНХАУ энх тайван замаар нэгдэх үйл явцыг үргэлжлүүлэх боловч үүний тулд цэргийн хүч ашиглахгүй гэж амлаж чадахгүйгээ анхааруулж, шаардлагатай бүх арга хэмжээ авах сонголтоо хэвээр хадгалах болох"-оо мэдэгдсэн байна.

    Эдийн засаг

    БНХАУ-ын эдийн засгийн хөгжил нь Коммунист намын гол баримтлах зарчим болохыг Ши Жиньпин илтгэлдээ дахин бататгалаа. Тэрбээр сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн хөгжлийг тэнцвэржүүлэх шаардлагатайг тодотгох болсон учир шинжээчид түүнийг “хөгжил нэгдүгээрт” гэсэн зарчмаасаа ухарна гэж таамаглаж байсан юм.

    Ши Жиньпин тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2035 он гэхэд хөгжингүй орны түвшинд хүргэх зорилтоо дахин онцолсны зэрэгцээ зах зээлийн шударга боломжийг дэмжиж, бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлж, дунд орлоготой бүлгийн цар хүрээг тэлж, хүнс, эрчим хүчний хангамжийг сайжруулж, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдлыг хангах бололцоог бэхжүүлэхийг уриалжээ. 

    Түүнчлэн дотоодын эрэлтэд тулгуурлан өсөлтийг дэмжих “хос эргэлт”-ийн стратегийг онцолсон нь өрнөдийн орнуудаас эдийн засгийн хамаарлаа багасгахаар төлөвлөсний дохио гэж шинжээчид үзэж байна. Тэрбээр зөвхөн эдийн засгаар тогтохгүй технологийн салбарт бие даасан байдалд хүрэх шаардлагатайг илэрхийлэв. Тодруулбал: "БНХАУ стратегийн чухал ач холбогдолтой шинжлэх ухаан, технологийн хөгжүүлэлтийн өрсөлдөөнд ялалт байгуулна" хэмээн мэдэгдэж, "Стратегийн зориулалттай, өргөн хүрээний, урт хугацааны ач холбогдол бүхий үндэсний төслүүдийг яаралтай эхлүүлэх"-ийг онцолжээ.

    Цар тахал

    Ши Жиньпин COVID-19-ийг үл тэвчих бодлогын үр нөлөөг сайшаасан боловч БНХАУ-ын ирээдүйн төлөвлөгөөний талаар ярихдаа цар тахлын талаар дахин дурдаагүй байна. Энэхүү бодлоготой холбоотойгоор иргэд, бизнесүүдийн эсэргүүцэл нэмэгдсэн ч түүний мэдэгдлээс харвал цар тахалтай тэмцэх хатуу хяналт, хязгаарлалт ойрын хугацаанд үргэлжилж магадгүй аж. 

    “Morgan Stanley”, “Nomura Holdings” зэрэг хөрөнгө оруулалтын банкны шинжээчид Hятад улс цар тахлын эсрэг хатуу арга хэмжээгээ 2023 оны хавраас сулруулна гэж таамаглаж байна.

    Цэрэг зэвсэг

    БНХАУ дэлхийн түвшний армитай болох ажлаа эрчимжүүлж, стратегийн хамгаалалтын чадвараа бэхжүүлэх болохыг Ши Жиньпин онцоллоо. Тэрбээр өмнө нь голлон хуурай замын цэргийн хүчнээс бүрддэг байсан БНХАУ-ын армийг 2027 он гэхэд орчин үеийн арми болгох амлалтыг өгөөд байсан юм. Энэ хүрээнд Ардын чөлөөлөх арми бүтэц бүрэлдэхүүн, зэвсэг техникийн асар том өөрчлөлт, шинэчлэлт хийгээд байгаа аж.

    Cэтгэгдэл бичих