
Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцадмал байгаа ч Японы “SoftBank” ОХУ, Монгол Улс, Японыг холбосон эрчим хүчний тойрог хэлбэрт сүлжээний төслөө орхихгүй болохоо мэдэгдлээ.
Тус компани энэхүү төслөө 10 жилийн дотор хэрэгжүүлнэ гэж найдаж байгааг “SoftBank”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Шигэки Мива ОХУ-ын Төрийн өмчит “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
“SoftBank” ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн эсэх талаар асуултад Шигэки Мива “Хариулт бол мэдээж тийм. Улс төрийн, эдийн засгийн, техникийн гэх мэт олон саад тотгор учрах нь ойлгомжтой ч уг төсөл биелэх нь цаг хугацааны асуудал” хэмээн хариулжээ.
Мөн “Үүнд урт хугацаа шаардагдаж магадгүй ч бид чадах бүхнээ алхам алхмаар урагшлуулж байна. Тэгэхээр 10 жилийн дотор ОХУ-аар дамжуулан Төв Ази болон Монголыг Японтой холбож чадна гэж найдаж байна” гэжээ.
БНСУ, БНХАУ, Япон гэсэн Зүүн Азийн бүс нутгийн орнуудын эрчим хүчний систем харилцан уялдаатай байх нь чухал ач холбогдолтойг тэрбээр онцолж байна. Эдгээр гурван улс бүс нутгийн эрчим хүчний эрэлтийн 75 хувь, дэлхийн эрэлтийн 37 хувийг бүрдүүлдэг аж.
Азийн эрчим хүчний тойрог сүлжээ бий болгох санаа нь Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн засаглалын хугацаанд ОХУ-Японы харилцаа эрчимтэй хөгжиж байсан үед стратегийн төслийн хэмжээнд хэлэлцэгдэж байсан юм.