
“Glencore” компанийн томоохон хөрөнгө оруулагчдын зүгээс компанийн эрчим хүчний нүүрс олборлолтын төсөл нь дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй барих Парисын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй нийцэж буй эсэхийг ил болгохоор шахалт үзүүлж эхэлжээ.
“Europe’s Legal and General Investment Management” (LGIM), “HSBC Asset Management” зэрэг хувьцаа эзэмшигчид дээрх асуудалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагыг “Glencore”-д хүргүүлсэн бөгөөд ирэх тавдугаар сард болох компанийн хурлаар шаардлагыг хүлээн авах эсэхийг санал хураалтаар шийдэхээр болжээ.
Шаардлагад нэгдсэн хөрөнгө оруулагчдын эзэмшдэг нийт хөрөнгө 2.2 их наяд ам.доллар хүрч байгаа аж. Энэ нь хөрөнгө оруулагчид тус компанийн эрчим хүчний нүүрс олборлолтод онцгойлон анхаарч, уур амьсгалын хүрээнд хариуцлага нэхэж буй анхны тохиолдол болж байна. 2022 оны дөрөвдүгээр сард “Glencore”-ийн уур амьсгалын төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн 20 гаруй хувь нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд түүнээс хойш компанид ирэх шахалт нэмэгдсээр байгаа юм.
“Урт хугацааны хөрөнгө оруулагчдын хувьд эрчим хүчний шилжилтээс үүдэлтэй санхүүгийн материаллаг эрсдэлд компаниудын өртөх магадлалыг үнэлж, дүгнэх чадвартай байх нь нэн чухал” хэмээн LGIM-ийн шинжээч Дрор Элкаяам онцолж байна.
Уул уурхай, түүхий эдийн томоохон компани “Glencore”-ийн хувьд нүүрсний бизнесийнхээ орлогыг дээд түвшинд хүргэх, мөн бохирдол хамгийн өндөртэй түлшийг олборлоход хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг хадгалах гэсэн өөр хоорондоо эсрэгцдэг хоёр зорилтынхоо тэнцвэрийг хадгалахыг хичээсээр ирсэн юм.
Өнгөрсөн онд цахилгаан станцуудад ашиглагдах нүүрсний үнэ дээд түвшиндээ хүрч өссөн нь тус компани оны зөвхөн эхний хагаст 10 тэрбум ам.долларын орлоготой ажиллахад нөлөөлжээ. Харин 2023 онд нүүрсний бизнесээс хүү, татвар, элэгдэл, хорогдлыг хасалгүйгээр 16.7 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байгаа нь компанийн нийт орлогын талаас илүү хувийг бүрдүүлэх юм.
Цаашид жилд олборлох нүүрсний хэмжээгээ 150 сая тонноос хэтрүүлэхгүй болохоо амлаад байгаа “Glencore” компани 2023-2025 оны хооронд 110 сая тонн нүүрс олборлох зорилт тавьсан бол 2025 оноос цааших хугацааны зорилтоо тодорхой болгоогүй аж.