
Зургийг: С.Батсайхан
Монголбанк наймдугаар сард 1.8 тонн үнэт металл худалдан авснаар оны эхнээс өссөн дүнгээр 10.3 тонн хүрсэн байна.
Наймдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс нэг тонн, Баянхонгор аймаг дахь хэлтэс 661.2 кг үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс худалдан авсан үнэт металлын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар буурсан бөгөөд 2019 оныхтой ойролцоо түвшинд хадгалагдаж байна. Үнэт металл худалдан авалт 2020 онд дээд түвшинд хүрч, бүтэн жилийн дүнгээр 23.5 тонныг худалдан авч байжээ.
Үнэт металлын худалдан авах ханшийг дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан тогтоодог бөгөөд наймдугаар сард алт худалдан авах дундаж ханш 214 мянга 43 төгрөг байсан аж.
Олон улсын зах зээлд сүүлийн арилжаагаар алтны спот ханш унц нь 1900 ам.доллар даваад байна.
Монголбанкны худалдан авч буй үнэт металл нь валютын нөөц бүрдүүлэхэд чухал нөлөөтэйг Төв банк онцоллоо. 2023 онд Монголбанк Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд үнэт металл, тэр дундаа алт худалдан авалт өмнөх онтой ойролцоо буюу 20 тонны түвшинд хадгалах зорилттой буйгаа мэдээлсэн юм.
Төв банкнуудын алтны нөөц 2023 онд эрс нэмэгдсэн бөгөөд эхний хагас жилийн байдлаар АНУ 8133 тонн, ХБНГУ 3355 тонн, Итали улс 2452 тонны нөөцтэйгөөр эхний гуравт эрэмбэлэгдэж байна. Үүний араас Франц, ОХУ, БНХАУ 2000-2400 орчим тонн нөөцтэйгөөр бичигджээ.