
Түүхий эдийн үнийн уналт, COVID-19-ийг Үл тэвчих бодлоготой зэрэгцэн БНХАУ-д үйлдвэрлэгчийн үнэ сүүлийн хоёр жилд анх удаа буурч, дефляцид шилжсэнээр тус улсын компаниудад учирч буй сорилтууд улам нэмэгдэж байна.
Аравдугаар сард тус улсын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсныг БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо лхагва гарагт мэдээлжээ. Энэ нь хэдийгээр өмнөх сараас 0.9 хувиар өссөн үзүүлэлт боловч жилийн дүнгээр авч үзвэл 2020 оны 12 дугаар сараас хойш анх удаа буурсан байна.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын инфляц харьцангуй доогуур түвшинд гарахад эрэлт сул байгаа нь нөлөөлжээ. Хэрэглээний үнийн индекс санхүүгийн жилийн хугацаанд 2.1 хувиар өсөж, есдүгээр сарын үзүүлэлт болох 2.8 хувийн өсөлтөөс саарсан байна. Харин хүнс болон эрчим хүчний үнийг тооцдоггүй суурь инфляц 0.6 хувь буюу өмнөх сарынхтай ижил түвшинд гарснаар сүүлийн дөрвөн сарын турш дээрх үзүүлэлт нэг хувиас доогуур хадгалагдсан байна.
Бусад улсын Төв банкнууд үнийн өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байхад БНХАУ-д эсрэгээрээ хэрэглээний болон үйлдвэрлэгчийн үнэ буурсан нь анхаарал татаж байгаа юм. БНХАУ-д одоо үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, COVID-19-ийн халдварын дэгдэлт, удаа дараалсан хөл хорио нь хэрэглэгчийн итгэлд нөлөөлж, эрэлт буурахад хүргэжээ.
Өөрөөр хэлбэл тус улс дотоодоос ч, гадаадаас ч сул эрэлтийн сөрөг нөлөөлөлд өртөөд байгаа юм. Мөн энэ нь БНХАУ-ын гадаад худалдаанд нөлөөлж эхэлснийг энэ долоо хоногт гарсан тайланд тус улсын импорт, экспорт сүүлийн хоёр жилд анх удаа зэрэг буурсан байгаагаас харж болохоор байна.