
БНХАУ, Австрали улс хоорондын дипломат харилцаа зөөлөрч байгаатай холбоотойгоор Бээжингээс импортын хоригоо цуцлах дараагийн бүтээгдэхүүнүүд нь дарс, хавчны мах болон бусад түүхий эдүүд байх бололтой.
Үүнээс өмнө БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо Австралийн нүүрсний импортод тавиад байсан хоригоо сулруулах тухай хуралдсаныг мэдээлсэн юм. Цаашид тус улс зөвхөн нүүрс гэлтгүй Австралийн бусад түүхий эдийн импортод тавьсан хоригоо үе шаттайгаар, албан бус байдлаар сулруулж магадгүй байгааг Сиднейн Их сургуулийн профессор Ханс Хендришке онцолж байна.
2020 онд “коронавирус”-ийн уг гарлын асуудлаас болж хоёр орны харилцаа хөрсний дараа Австралийн нийт экспортын 40 гаруй хувийг эзэлдэг БНХАУ худалдааны багц хориг арга хэмжээ хэрэгжүүлж, тус улсаас авах үхрийн мах, арвайгаас эхлээд нүүрс, мод хүртэл бүх төрлийн түүхий эдийн импортоо зогсоосноор олон тэрбум ам.доллароор хэмжигдэх мөнгөний урсгал тасалдаад байв.
Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчдад хориг арга хэмжээ тийм ч их хохирол учруулаагүй аж. Тухайлбал: 2020 оны дунд үед хориг хэрэгжиж эхэлснээс хойш Австралийн үр тарианы хамгийн том экспортлогчдын нэг "Graincorp"-ийн нэгж хувьцааны ханш 60 гаруй хувиар өсөөд байна.
Худалдааны саад тотгор арилах нь Австралийн эдийн засагт төдийлөн их нөлөө үзүүлэхгүй болохыг “Goldman Sachs”-ийн эдийн засагчид тооцоолсон бөгөөд төмрийн хүдрийн үнийн өсөлтийн ачаар 2022 онд тус улсын БНХАУ-тай хийсэн худалдааны тэнцэл дээд түвшинд хүрснийг онцоллоо.