
АНУ-ын инфляцын дүн мэдээлэл тус улсад үнийн дарамт нэгэнт оргилдоо хүрснийг батлан харуулснаар хөрөнгийн зах зээлд өсөлт давамгайлж, Холбооны Нөөцийн банк ирэх оны эхээр бодлогын хүүг өсгөх циклээ завсарлана гэсэн хүлээлт үүслээ.
Хүнс, эрчим хүчний үнийг хасаж тооцсон суурь инфляц 11 дүгээр сард 0.2 хувиар өссөн нь сарын дүнгээр 2021 оны долоодугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болов. Хэдий тийм боловч жилийн дүнгээр үнийн өсөлт 7.1 хувьтай гарсан нь АНУ-ын Төв банк бодлогын хүүг өсгөх эрчээ сааруулахад эрт хэвээр байгааг харууллаа.
АНУ-ын мөнгөний бодлого тодорхойлогчид өнөөдрийн хурлаараа бодлогын хүүг 50 суурь нэгжээр өсгөх нь бараг баттай болсон ч үнийн өсөлтийг үргэлжлүүлэн сааруулж, инфляцыг зорилтот түвшинд аваачихын тулд ирэх онд мөнгөний бодлого чанга хэвээр үлдэх эсэх талаар Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллийн мэдэгдэл хамгийн чухалд тооцогдож байна.
Үүнээс гадна Жером Пауэллийн тодорхойлсноор эдийн засгийн төлөвийг тооцоолох хамгийн чухал индикатор болдог үйлчилгээний үнийн индекс 11 дүгээр сард дахин буурсан байна. Эрчим хүчний үйлчилгээ, түрээсийг хасаж тооцсон үйлчилгээний үнэ есдүгээр сард 0.8 хувиар, аравдугаар сард 0.4 хувиар өссөн бол өнгөрсөн сард ердөө 0.1 хувиар нэмэгдсэнийг мягмар гарагт АНУ-ын Хөдөлмөрийн яамны гаргасан тайлангаас харж болно. Ингэснээр жилийн дүнгээр энэ үзүүлэлт 6.2 хувь болж буурсан байна.
“Инфляц цаашид үргэлжлэн саарна гэж үзвэл 11 дүгээр сарын дүн мэдээлэл нь Төв банк ирэх онд бодлогын хүүгээ өсгөх эрчээ зөвхөн үл ялиг багасгах замаар чанга бодлогын циклээ эцэслэх найдварыг төрүүлж байна. Хэрэв тэгвэл энэ нь уналтаас зөөлөн газардах магадлалыг нэмэгдүүлэх юм” хэмээн “BMO Capital Markets”-ийн Ахлах эдийн засагч Сал Гуатьери онцоллоо. Өөрөөр хэлбэл уналтыг өдөөхгүйгээр инфляцыг сааруулах нь чухал байгаа аж.