
БНСУ-ын Засгийн газар иргэдийнхээ технологийн өндөр мэдлэгт тулгуурлан эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор блокчэйнд суурилсан иргэний бүртгэл мэдээллийн дижитал систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү технологийн хүрээнд иргэний үнэмлэхийг ухаалаг гар утсанд суулгах тул хүмүүс гэрээсээ ажиллаж, бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийх нь багассан өнөө үед цахим эдийн засгийн үндэс суурийг тавих ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
Иргэд энэ төрлийн биет бус үнэмлэхтэй болсноор аливаа дижитал үйлчилгээнд нэвтрэхдээ веб хуудсаар болон мессежээр нэмэлт баталгаажуулалт хийх шаардлагагүй болохын зэрэгцээ гар утсандаа хурууны хээгээ уншуулаад л Төрийн халамж үйлчилгээ авах, мөнгө шилжүүлэх, тэр ч байтугай сонгуульд санал өгөх боломжтой юм байна.
“Дижитал бүртгэлийн систем нь банк санхүү, эрүүл мэнд, татвар, тээвэр болон бусад салбарт эдийн засгийн томоохон үр өгөөж авчрах боломжтой. Мөн богино хугацааны дотор БНСУ-ын иргэдийн хэрэглээнд өргөнөөр нэвтрэх магадлалтай. Хэдий тийм боловч аюул нь ашиг тусаасаа давахгүй гэдгийг баталгаатай болгохын тулд технологийн хүрээнд эрсдэлийн үнэлгээ хийх ёстой” хэмээн БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын институтийн эдийн засагч Хван Согвон онцолж байна.
Дэлхийн банк дижитал үнэмлэхийг “эрс шинэчлэлт” гэж тодорхойлсон бол “McKinsey & Co.” энэхүү технологийн ачаар аливаа улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 13 хүртэлх хувиар өсөж, бизнесийн зардлыг хэдэн их наяд ам.доллароор хэмнэх боломжтой гэж тооцоолсон байна. Тодруулбал: захиргааны ажлын цагийг хэмнэж, мөнгө завших хэргийг багасгаж, хэрэглээний зээлийг өргөжүүлж, худалдааг хялбаршуулж, цаашлаад шинэ зах зээл үүсгэснээр эдийн засаг дээрх дүнгээр өснө гэж үзжээ.
Харин БНСУ дижитал үнэмлэхийг нэвтрүүлснээр 10 жилийн хугацаанд багадаа 42 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ гурван хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн өгөөжийг хүртэх боломжтой гэж БНСУ-ын цахим Засгийн газрын товчооны Ерөнхий захирал, дээрх төслийн удирдагч Со Борам онцоллоо.
Өдгөө карт хэлбэрийн иргэний үнэмлэх ашиглаж буй БНСУ 2024 оноос дижитал үнэмлэх нэвтрүүлж, хоёр жилийн дотор 45 сая иргэнээ энэхүү технологид хамруулна хэмээн төлөвлөжээ.