logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    "Tesla"-ийн хувьцааны ханш унаснаар Илон Маск хамгийн чинээлэг эрхмийн байр сууриа алдав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 14 13:35
    686
    "Bloomberg Billionaires Index"-ийн тооцоолсноор Илон Маскийн хөрөнгө I сараас хойш 100 гаруй тэрбум ам.доллароор буурчээ

    Хөрөнгийн хэмжээ нь нэгэн үе 340 тэрбум ам.доллар хүрч байсан Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг эрхэм гэсэн байр сууриа Францын тэрбумтан Бернар Арнод алджээ.

    "Bloomberg Billionaires Index"-ийн тооцоолсноор Илон Маскийн хөрөнгө өнгөрсөн нэгдүгээр  сараас хойш 100 гаруй тэрбум ам.доллароор хоргодож, 163.6 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь үндэстэн дамнасан “LVMH” корпорацын 48 хувийг эзэмшдэг Бернар Арногийн 170.8 тэрбум ам.долларын хөрөнгийн дараа орох үзүүлэлт болжээ. 

    1.png

    Дөрөвдүгээр сард “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах шийдвэрээ зарлаж олныг гайхшируулаад байсан тэрбумтан 2022 он хүндхэн жил болж өнгөрч байна. Он гарснаас хойш АНУ-ын Холбооны Нөөцийн банк болон бусад улсын Төв банкнууд бодлогын хүүгээ урьд байгаагүй эрчимтэй нэмэгдүүлснээс Илон Маскийн “Tesla” тэргүүтэй компаниудын зах зээлийн үнэлгээ огцом буурах болсон аж. 

    Мягмар гарагийн биржийн хаалтаар “Tesla”-ийн хувьцааны ханш 4.1 хувиар буурч, 160.95 ам.доллар хүрсэн нь 2020 оны 11 дүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт болжээ.

    Илон Маскийн хувьд “Twitter”-ийн худалдан авалтыг санхүүжүүлэхийн тулд дөрөвдүгээр сард 8.5 тэрбум ам.доллартой тэнцэх, наймдугаар сард 6.9 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний “Tesla”-ийн хувьцааг худалдсан байна.

    Одоогоор “Twitter” компанийн энэ оны зээлийн хүүгийн зардал 2021 оны ашгаас давах төлөвтэй болоод байна. Илон Маскийн хамтрагч банкнууд “Twitter”-ийг худалдан авах хөрөнгө босгохдоо авсан зарим нэг өндөр хүүтэй зээлүүдийг “Tesla”-ийн хувьцаагаар баталгаажсан бага хүүтэй зээлээр солих үйл ажиллагаа явуулж байгааг эх сурвалж мэдээллээ.

    “Tesla”-ийн хувьцааны ханш буурснаар “SpaceX” компани Илон Маскийн бизнесийн чухал хэсэг нь болоод байна. Өнгөрсөн зургаадугаар сард татан төвлөрүүлсэн санхүүжилтийн дараа тус компанийн зах зээлийн үнэлгээ 125 тэрбум ам.доллар болоод байгаа бөгөөд Илон Маскийн компанидаа эзэмшдэг хувьцаа нь 47 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа юм. Сүүлийн үед тус компани зөвхөн өөрийн хувьцаа эзэмшигчдийн дунд нэмэлт хувьцаа гаргаж, компанийн зах зээлийн үнэлгээг 140 тэрбум ам.доллар хүргэхийг зорьж байгаа гэж зарим эх сурвалжууд мэдээлээд байна. Энэ тохиолдолд түүний хөрөнгийн хэмжээ тодорхой хэмжээнд өсөх юм. 

    Харин шинээр тодорсон хамгийн чинээлэг эрхэм Бернар Арногийн хувьд Илон Маскийг бодвол хэл аманд өртөх нь харьцангуй бага нэгэн. Тэрбээр тэргүүлэх тэрбумтнуудын жагсаалтад удаан хугацаанд бичигдэж байгаа ч түүний хөрөнгө хэзээ ч АНУ-ын технологийн салбарын тэрбумтнуудтай адил өндөр эрчээр өсөж байгаагүй юм.

    Парис хотод төвтэй “LVMH Moet Hennessy Louis Vuitton” корпорац нь тансаг зэрэглэлийн хувцас хэрэглэл, дарс болон жижиглэнгийн худалдааны бизнес эрхэлдэг бөгөөд цар тахлын хөл хорио суларсны дараагаар бүтээгдэхүүний эрэлт нь хурдацтай нэмэгдэх болжээ. 

    Бернар Арногийн бизнес нь тансаг загварын “Christian Dior”, “Fendi”, үнэт эдлэлийн “Bulgari” болон “Tiffany & Co”, оргилуун дарсны “Moet & Chandon” зэрэг брэндүүдийг багтаадаг юм.

    Cэтгэгдэл бичих