
Нийлүүлэлтийн сүлжээний доголдол эрэлтийг бууруулснаар 2023 онд дэлхийн хэмжээнд зорчигч тээврийн автомашины борлуулалт цар тахлын өмнөх үеийн түвшинд мөн л хүрэхээргүй байгааг “LMC Automotive” компани мэдээлжээ.
Инфляц болон бодлогын хүүгийн өсөлт нь хэрэглэгчдийн болгоомжлолыг нэмэх тул шинэ автомашины нийлүүлэлт ирэх онд 85 сая нэгж орчим байх төсөөллийг мөн гаргажээ. Харьцуулбал 2019 онд 90 сая гаруй автомашин нийлүүлэгдэж байсан аж.
“Дэлхийн эдийн засгийн төлөв тааруу байгаагаас хэрэглэгчид шинэ автомашин зэрэг томоохон худалдан авалт хийхэд яарахгүй тул эрэлт эргэлзээгүй буурахаар байна” хэмээн “LMC Automotive”-ийн Дэлхийн борлуулалтын төлөвийн ахлах шинжээч Жонатон Поскитт өгүүлсэн байна.
Цар тахлын хязгаарлалт суларсны дараа эрэлт нэмэгдсэнээр дэлхийн хагас дамжуулагчийн нөөц шавхагдаж, улмаар авто үйлдвэрлэгчид сул зогсолт хийхэд хүрсэн юм. Үүнийг дагаад “BMW”, “Ford”, “Stellantis” зэрэг томоохон компаниуд борлуулалт хамгийн өндөртэй автомашинуудынхаа үйлдвэрлэлд анхаарснаар автомашины үнэ эрс өсөөд байна. АНУ-д одоогоор шинэ автомашины дундаж үнэ 46 мянган ам.доллар байгаа аж.
Үүнээс гадна “Jeep”, “Fiat” зэрэг брэндүүдийг эзэмшдэг “Stellantis” компани үйлдвэрлэлд нэн шаардлагатай түүхий эд, эд ангиудын нийлүүлэлтийг найдвартай болгохын тулд “Stellantis” чип үйлдвэрлэгчидтэй шууд хэлцэлд хүрдэг болохоор төлөвлөжээ. Тус компани олон шат дамжлага бүхий нийлүүлэлтийн сүлжээний уламжлалт бүтцээс татгалзсан шийдэмгий арга хэмжээ авахаар болсон нь эрчим хүчний үнийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний доголдол цахилгаан автомашины шилжилтэд хүндрэл учруулж байгаатай холбоотой юм.
Харин “Volvo” компани автомашин үйлдвэрлэгчдийг дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины бизнесээ цахилгаан автомашины бизнестэйгээ хослуулах хэрэгтэй гэж үзэж байна. Ингэснээр “Hybrid” буюу хосолмол хөдөлгүүрт автомашины технологийг илүү боловсронгуй болгож, зардлыг бууруулахад нөлөөлнө гэж тооцоолжээ.
Тус компани 2030 он гэхэд дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ зогсоохоо мэдэгдсэн бол “Mercedes Benz” компани ч мөн адил хугацаанд цахилгаан автомашины үйлдвэрлэл рүү бүрэн шилжихээр төлөвлөөд байгаа аж.