
Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд тусгаснаар бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох асуудал нь тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тодорхой болсноор хуулиудын уялдаа холбоо хангагдана. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар казиногийн тоглоом болон бооцоот таавар эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагааг зохицуулах, хянах, татвар ногдуулах боломжтой болно гэж үзжээ.
Энэхүү хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцэх бөгөөд хуулийн төслийг Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон Казиногийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулах юм байна.
Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад иргэн, аж ахуйн нэгжээс ирдэг ч казино, мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зэргийн хоорондын ялгаа, эдгээрт ямар тоглоом хамаарах, үйл ажиллагаандаа ямар дүрэм, журмыг мөрдөх, юуг хориглох зэргийг тодорхойлсон хууль байхгүйн улмаас 2006 оноос хойш ийм төрлийн тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Харин цахим орчинд казиногийн тоглоом, спортын болон бусад төрлийн бооцоот тоглоом эрхэлдэг гадаадын хуулийн этгээдийн үйл ажиллагаа Монгол Улсын хүн амын дунд түгээмэл болсон нь зайлшгүй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болж байгаа аж.
Түүнчлэн Казиногийн тухай хуулийн зорилтод казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг зохицуулахаар тусгасан байна. Гэхдээ казиногийн тусгай зөвшөөрөл олгох нь мөрийтэй тоглоомыг зайнаас буюу цахимаар зохион байгуулах эрх олгохгүй бөгөөд нийгмийн дэг журмыг хамгаалах үүднээс Монгол Улсын нутаг дэвсгэрт казиногийн үйл ажиллагааг зайнаас зохион байгуулахыг хориглохоор тусгажээ. Тухайлбал: казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулах, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолбор байгуулахаар тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлах аж.
Ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулах шаардлага тавьсан тул энэ төрлийн бизнес эрхлэх тогтвортой байдлыг хангах үүднээс Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн цогцолбор барьж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид, Зөвлөлийн саналыг үндэслэн 30 жилийн хугацаагаар Засгийн газар олгохоор, хууль тогтоомжийг мөрдөж ажилласан бол энэхүү хугацааг 10 жилээр сунгахаар тусгасан байна.
Казино эрхлэгч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үүргээ зөрчиж, Зөвлөлөөс өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, дээрх хугацаанд зөрчлийг арилгаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болох аж.
Харин Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөлд тусгаснаар Монгол үндэстний дэлхийд бахархах өв болох морин уралдааныг бооцоот уралдааны шинэ төрлийн спорт болгон хөгжүүлэх, бооцоот морин уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бий болгох юм байна.