
БНХАУ-ын цахилгаан автомашины зах зээлд эзлэх цар хүрээгээ тэлэхээр зорьж буй үйлдвэрлэгчдийн нэг "Nio" компани бямба гарагт хоёр шинэ загвараа танилцууллаа.
Шанхайд төвтэй тус компани Хэфэй хотод зохион байгуулсан арга хэмжээнийхээ үеэр 2018 оноос хойш борлуулагдаж буй SUV ангиллын “ES8” автомашиныхаа шинэчлэгдсэн загвар болон хоёр хаалгатай спорт ангиллын “EC7” хэмээх шинэ загварыг танилцуулсан байна.
“EC7”-ийн худалдаалагдах үнэ 69 мянга 800 ам.доллар, “ES8” нь 75 мянга 500 ам.доллароос эхлэх бөгөөд ирэх оны V, VI сард зах зээлд нийлүүлж эхлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна тус компани шинэ үеийн цэнэг хураагуур солих станцуудаа танилцуулсан байна. Жолооч нар цэнэг хураагуураа дахин цэнэглэхийн оронд тэдгээр станцуудад очиж түргэн шуурхай шинээр солиулах боломжтой ажээ. "Nio"-ийн шинэчлэгдсэн станцууд нь тус бүр өдөрт 408 автомашины цэнэг хураагуурыг солихын зэрэгцээ 21 ширхэг нөөц цэнэг хураагуур хадгалах хүчин чадалтай юм байна.
"Nio" компани энэ оны эхний 11 сард нийт 106 мянга 671 нэгж автомашин нийлүүлсэн нь өмнөх оныхоос бараг 32 хувиар өссөн үзүүлэлт болсон ч цар тахал, БНХАУ-ын COVID-19-ийг Үл тэвчих бодлого зэрэг сорилтуудаас шалтгаалж 150 мянган нэгж автомашин борлуулах анхны зорилтдоо хүрч чадахааргүй болжээ. Ялангуяа өнгөрсөн хавар Шанхай хотод хоёр сарын турш үргэлжилсэн хөл хорионы улмаас компани томоохон хохирол амсаж, Хэфэй хот дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр хугацаанд зогсоохоос өөр аргагүй болж байсан аж.