
Цэнэг хураагуурын гол түүхий эдийг БНХАУ-ын плитаны керамик үйлдвэрлэдэг компаниуд ханган нийлүүлж эхэлсэн нь дэлхийн дахинд “литийн халуурал” эрчимжиж буйн бас нэгэн жишээ болж байна.
Цахилгаан автомашин, цэнэг хураагуур үйлдвэрлэгчид литийн хомсхон нөөцийн төлөө ширүүн өрсөлдөж, түүхий эд боловсруулагчдын хүчин чадал хязгаартаа тулаад байгаагаас энэ онд литийн үнэ огцом өссөн аж. Үүнийг дагаад таваарын зах зээлд үйлдвэрлэгчдийн ашиг нэмэгдсэнээр зарим төсөөлөөгүй өрсөлдөгчид шинээр гарч иржээ. Тухайлбал: БНХАУ-ын Жяньси мужийн Гао Ань хотын үйлдвэрүүдийн 15 хувь нь уламжлалт үйлдвэрлэлээ зогсоож, боловсруулалтын дараа цэнэг хураагуурт ашиглагдах гол химийн бодис болох литийн шахмалын үйлдвэрлэл рүү шилжээд байгаа аж.
Энэхүү өөрчлөлт нь БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нүүрлэсэн гүн хямралын дунд тус салбар сул эрэлт, илүүдэл нөөцийн асуудлыг шийдвэрлэхээр хичээж буйг харуулж байна. Нөгөө талаасаа цэнэг хураагуурын нийлүүлэлтийн сүлжээнд литийн түүхий эдийн шинэ эх үүсвэр олох эрэл хайгуул зах зээлийн өнцөг булан бүрд хүрээд буй илэрхийлсэн явдал болж байгаа аж.
Керамик эдлэлийн бөх бат байдлыг сайжруулж, пааланг илүү тод өнгөтэй болгохын тулд литийг ашигласаар иржээ. Одоогоор литийн нийт эрэлтийн 14 хувийг керамик болон шилний үйлдвэрлэл эзэлдэг боловч цэнэг хураагуурын зах зээлийн өсөлтийн нөлөөгөөр энэ үзүүлэлт сүүлийн арван жилд бараг хоёр дахин буурсан байна.
Литийн боловсруулсан материал болох лити карбонатын үнэ он гарсаар БНХАУ-д хоёр дахин өсөж, баасан гарагт тонн нь 81 мянга 349 ам.доллар хүрсэн нь шинэ дээд үзүүлэлт боллоо.