
ХБНГУ өнөөгийн эрчим хүчний нийлүүлэлтийн нөхцөл байдлаас шалтгаалан яаралтай үед ашиглахаар үлдсэн гурван Атомын цахилгаан станцынхаа хоёрыг нь 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллагаатай байлгахаар болжээ.
Ингэснээр тус улсын нүүрснээс хамааралтай байдал цаашид улам нэмэгдэхээр байгааг "Bloomberg"-ийн шинжээчид онцолж байна. 2022 оны эхний хагаст Германы нийт эрчим хүчний хамгийн гол эх үүсвэр нь нүүрс байсан. Задлаад харвал тус улсын эрчим хүч үйлдвэрлэлд нүүрс 30 хувийн жин дарж байна.
Ерөнхийдөө нүүрс, байгалийн хий зэрэг уламжлалт эх үүсвэрийн эзлэх хувь дээрх хугацаанд 51.5 хувь байсан бол сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийнх 48.5 хувь болж, өмнөх оны үзүүлэлтээс 4.7 нэгж хувиар өсжээ.
Мөн энэ онд Германд нүүрс ашигладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн гарц өмнөх оны мөн үеэс 17.2 хувиар өсөж, нийт үйлдвэрлэсэн эрчим хүчний бараг ⅔-ыг хангах болсон нь үүнийг баталж байгаа юм.
Москвагаас байгалийн хийн хамгийн гол дамжуулах хоолойгоо хаах шийдвэр гаргаснаар хий, эрчим хүчний үнэ огцом өсөж, Европын эрх баригчид энэ эрсдэлийг эдийн засаг, нийгэм, санхүүгийн гамшиг болгож хувиргахгүйн тулд арга хэмжээ авах нь улам бүр тулгамдсан асуудал болоод байна.
Жишээлбэл: ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар холбогдож, энэ өвлийг давахад хоёр улс эрчим хүчний чиглэлээр харилцан туслалцах гэрээ байгуулжээ. Тодруулбал: Франц улс ирэх долоо хоногуудад Германд шаардлагатай үед нь байгалийн хий нийлүүлэх нэмэлт нөөц бүрдүүлэлтээ дуусгах бол Германы талаас Францын оргил ачааллын үед илүү их эрчим хүч экспортлоход бэлэн байхаар ажиллаж байгаа юм.
Европын Комиссоос Холбооны гишүүн орнуудын Эрчим хүчний сайд нарыг энэ сарын эцсээр дахин хуралдуулж, эрчим хүчний хямралыг давах арга хэмжээнүүдийг хэлэлцэх юм. Одоогийн байдлаар эрчим хүчний эрэлтийг багасгах, салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, байгалийн хийн үнэд хязгаар тогтоох, шатах түлшний компаниудын ашгаас шимтгэл авах зэрэг саналуудыг гишүүн орнуудын зүгээс гаргаад байна. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен эдгээр арга хэмжээг нэгтгэж эрчим хүчний зах зээлд яаралтай интервенц хийхийг уриалсан юм.
Атомын хоёр цахилгаан станцыг нөөц хэрэгцээнд үлдээх Германы дээрх шийдвэр нь Олаф Шольцын эвслийн Засгийн газрыг бодлогын өөрчлөлтөд хүргэсэн амаргүй шийдвэр байв. Фүкүшимагийн гамшгийн дараа дэлхий даяар атомын цахилгаан станцын найдвартай байдалд эргэлзэж эхлэх үед Германы гаргасан анхны шийдвэр хэвээр үлдэх ч зөвхөн энэ өвлийг давахын тулд хоёр станцыг авч үлдэх зайлшгүй шаардлагатай байгааг эрчим хүчний сайд Роберт Хабек учирласан юм. Тэрбээр “Германы эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээн онцолж байна.