
Хөрөнгийн биржээр нүүрс худалдаалж эхэлсэн гурван сарын хугацаанд 370.6 тэрбум төгрөгийн орлого олсон талаар Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээллээ.
Мөн эрчим хүчний нүүрсийг биржээр дамжуулан арилжиж эхэлснээр үнэ нь уурхайн аман дээрээс худалдаалагддаг байсан үеэс долоо гаруй хувиар өссөнийг мэдээлэв. Тодруулбал: Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг цахимаар арилжих үед дуудах үнэ 68.30 ам.доллароос өсөж, 73.30 ам.доллар хүрээд байгаа юм.
Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-62 ам.доллароор арилжаалдаг байсан бол 187 орчим ам.доллар хүрч, үнэ нь гурав дахин нэмэгджээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэхээр байгаа юм.