
Энэтхэгийн тэрбумтан Гаутам Адани компанийг нь луйврын хэрэгт буруутгасан “Hindenburg Research”-ийн мэдэгдлийг няцаасан 413 хуудас бүхий баримт бичиг хэвлүүлсэн ч “Adani Group”-ийн хувьцааны уналт үргэлжилж, ам.долларын гол бондууд нь шинэ доод түвшинд хүрээд байна.
Бизнесийн эзэнт гүрнийхээ нэр хүндийг сэргээж, хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг арилгах зорилготой түүний энэхүү алхам төдийлөн үр дүнд хүрээгүй бөгөөд одоогоор компанийн 2.5 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаа зарагдаж, зах зээлийн үнэлгээ нь 71 тэрбум ам.доллароор буураад байгаа аж.
“Short” төрлийн арилжаагаар дагнадаг хөрөнгө оруулалтын фирм “Hindenburg Research” өнгөрсөн долоо хоногт Гаутам Аданигийн группийг олон арван жилийн турш хөрөнгийн зах зээлд “ил задгай” манипуляц хийж, тайлан бүртгэлийн луйвар залилангаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн тухай судалгаа хэвлүүлсэн юм.
“Adani Group” дээрх баримт бичигтээ “Hindenburg Research”-ийн судалгааг “Хуулийн хүрээнд сайтар тооцоолсон хөрөнгийн зах зээлийн луйвар” хэмээн тодорхойлж, БНЭУ-ын эсрэг дайралт хэмээн үзжээ. Мөн “Хувьцаа эзэмшигчдээ хамгаалахын тулд холбогдох бүх байгууллагын хүрээнд арга хэмжээ авах эрхээ хэрэгжүүлэх болно” хэмээн мэдэгдсэн байна.