logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Ирэх X сар гэхэд Монгол Улс 500 мянга орчим жуулчин хүлээн авах төлөвтэй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 15 09:35
    217

    Зургийг: С.Батсайхан

    Л.Оюун-Эрдэнэ: “Монголд зочлох жил”-ийн хүрээнд өвлийн аялал жуулчлалд бэлтгэх ажлыг одооноос эхлүүлэх шаардлагатай

    Энэ долоо хоногийн байдлаар Монгол Улс 387 мянга гаруй жуулчин хүлээн аваад байна. Ирэх аравдугаар сар гэхэд 500 мянга орчим жуулчин ирсэн байх төлөвтэй байгаа аж. Засгийн газар 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг 1.2 тэрбум ам.доллар буюу 4.2 их наяд төгрөгт хүргэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 11.5 хувь, 2024 онд 16 хувьд хүргэх зорилт тавиад байгаа юм.

    Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа бөгөөд дотоодын агаарын тээврийн компаниуд хөлгийн паркаа нэмэгдүүлэн, нислэгийн давтамж, чиглэлийг өргөжүүлснээр иргэд илүү хямд, шуурхай, тав тухтай аялах боломж нэмэгдээд байна. Агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд энэ онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг хийх боломжтой болоод байгаа юм. Түүнчлэн долоодугаар сарын нэгнээс дотоодын нислэгүүдийг сэргээж эхэлснээс хойш 32 мянган хүн тээвэрлэсний дийлэнх нь гадаадын жуулчид байжээ. 

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаанаар өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэлээ. Тухайлбал: Япон, БНХАУ, БНСУ-д “Welcome to Mongolia” арга хэмжээ зохион байгуулснаас гадна дээрх уриа дор Эдийн засгийн форум болж, нийт 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 гаруй зочин, төлөөлөгч Монголд ирснийг онцлов. Мөн “Welcome to Mongolia” арга хэмжээний хүрээнд  “CNN”, “Financial Times”, “Washington Post” зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн 40 гаруй хэрэгслээр Монгол Улсын тухай эерэг мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурталчилгаа гарчээ. 

    “Гадаадын аялал жуулчлалын зах зээлд танигдаж эхэлсэн “Welcome to Mongolia” уриа, арга хэмжээндээ түшиглэн өвлийн аялал жуулчлалын концепц, стратегийг яаралтай гаргаж, хэрэгжүүлэх ажлыг одоогоос эхлүүлэх шаардлагатай”-г Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Мөн “Жуулчдын тоо нэмэгдэж байгаатай зэрэгцэн ариун цэврийн байгууламжийн асуудал хөндөгдөж буй. Аялагч, жуулчдын санал, шүүмжийг ажил хэрэгтээ тусгаж, орчин үеийн ариун цэврийн байгууламжийг аялал жуулчлалын гол маршрутын дагуу барьж байгуулсан, аялал жуулчлалын иж бүрэн стратегитай байх ёстой” гэдгийг тодотгов.

    Cэтгэгдэл бичих