
Европын Холбоо эрчим хүчний хямралаас үүдэлтэй үнийн өсөлтийг даван туулахад иргэд, аж ахуйн нэгжүүдэд туслалцаа үзүүлэх зорилгоор 40 тэрбум евро төсвөөс зарцуулах санал гаргахаар төлөвлөжээ.
Үүний дагуу Европын Комиссоос гишүүн орнуудын Засгийн газарт одоо байгаа хамтарсан сангуудаас санхүүжилт авч, шатахуун болон эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөлөлд буй жижиг дунд бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх, мөн эмзэг бүлгийн өрхүүдийн цахилгааны төлбөрийг нэгдсэн хөтөлбөрийн дагуу хөнгөвчлөхөд зарцуулах зөвшөөрлийг олгохыг саналын төсөлд тусгажээ.
Энэхүү төлөвлөгөө нь мягмар гарагт Европын Комиссоос эрчим хүчний өртгийн асуудлаар гаргах багц саналын нэг хэсэг байх юм. Мөн ирэх аравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Брюссель хотноо болох хуралд Европын Холбооны эрх баригчид үүнтэй холбоотой шинэ арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх хүлээлттэй байна.
Европын Холбооны гишүүн орнууд эрчим хүчний хямралын хэрэглэгчид болон бизнесүүдэд үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд 500 тэрбум гаруй евро зарцуулаад буй. Хэдий тийм боловч шинээр гарах зардлыг хэрхэн санхүүжүүлэх талаар нэгдсэн тохиролцоонд хараахан хүрээгүй тул Европын Комисс болон Засгийн газрууд хоорондын хэлэлцүүлэг үргэлжилсээр байгаа юм.
Дээрх төлөвлөгөөнд ажилтнууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын цагийг багасгах болон бусад төстэй арга хэмжээ авах замаар ажлын байрыг хадгалж, хөдөлмөрийн зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх санал багтжээ.