
Ирэх оны хавар Европын баруун умард бүсийн дизель түлшний нөөц сүүлийн 12 жилийн доод цэгтээ хүрэх болно гэж “Wood Mackenzie” судалгааны байгууллага тооцоолжээ.
Дараагийн хоёр сарын хугацаанд дизель түлшний нөөцийн хэмжээ тогтмол өсөх хэдий ч цаашид эрс буурснаар ирэх оны гуравдугаар сард нөөц нь 2011 оноос хойших хамгийн доод түвшинд хүрнэ хэмээн тус байгууллагын шинжээчид үзэж байна.
Европын Холбоо ОХУ-аас далайн тээврээр хийх дизель түлшний импортоо ирэх хоёрдугаар сараас зогсоох шийдвэр гаргаснаар хэдийн хүнд байдалд орсон түлшний нийлүүлэлтийн асуудлыг улам дордуулна гэж үзэж байна. Нийлүүлэлт тасалдахаас сэргийлэн улс орнууд түлш нөөцөлдөг бөгөөд нөөц буурч эхэлмэгц зах зээл тогтворгүй болдог аж.
Дизель түлшний нөөц буурах нь газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өндөр ашиг олох боломж бий болдог учраас Европын компаниуд бүх хүчин чадлаараа ажиллах төлөвтэй байгаа гэж “Wood Mackenzie” судалгааны байгууллагын мэргэжилтэн Жэймс Бурлей ярьсан байна. Үүний үр дүнд баруун Европын өдөр тутмын түүхий газрын тосны боловсруулалт энэ сард 420 мянган баррелиар нэмэгдэж, 6.14 сая баррель болно гэсэн тооцоо гарчээ.
Одоогоор Европын дизель түлшний хамгийн том гадаад эх үүсвэр ОХУ хэвээр байгаа учраас олонх мэргэжилтнүүд өвлийн турш түлшний нөөц буурна гэж таамаглаж байсан аж.
Европ болон АНУ дахь дизель түлшний хомсдолын нэг шалтгаан нь тус бүтээгдэхүүний фьючерс зах зээлд оршдог. Фьючерсийн муруй уруугаа чиглэлтэй байгаа нь дизель түлшийг яг одоо худалдан авах үнэ нь ирээдүйд худалдан авах үнээс өндөр байгааг илтгэж байна. Ингэснээр борлуулагчид ирээдүйд хямд үнээр бүтээгдэхүүнээ худалдахын оронд одоогийн өндөр үнээр зарахыг илүүд үзэх болсон аж. Энэ нь нөөц бүрдүүлэлтэд нөлөөлж байгаа өөр нэг шалтгаан юм.