
“Volvo" компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй SUV ангиллын “EX90" загварын автомашинаа танилцууллаа. Скандинавын тансаг зэрэглэлийн стандартыг "Volvo"-ийн нэрийн хуудас болсон аюулгүй байдал, орон зайн хангалттай байдалтай хослуулснаараа "EX90" нь өмнөх загвар “XC90”-тэй төстэй боловч цахилгаан хөдөлгүүртэй, долоон суудалтай гэдгээрээ онцлог аж.
Шинэ "EX90"-ийн энгийн загвар нь 496 морины хүч, 900 ньютон мушгих хүч бүхий хоёр хөдөлгүүрээр (ардаа нэг, урдаа нэг) тоноглогдсон бөгөөд бүх дугуйндаа хөтлөгчтэй. Харин “E2” хувилбар нь 402 морины хүчтэй байх ажээ.
Харин 111 квт.цагийн багтаамжтай цэнэг хураагуур нь 30 минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгддэг, нэг бүтэн цэнэглэлтээр 480 км зай туулах боломжтой.
Аюулгүй байдлыг ямагт нэгдүгээрт тавьдаг гэдгээрээ алдартай "Volvo" компани "EX90"-ийн дотор гадна бүх хэсэгт камер, радар, мэдрэгчүүд суурилуулсан тул тэдгээр нь автомашины эргэн тойронд “үл үзэгдэгч” тор үүсгэж, жолоочид орчин тойрныг 360 хэмийн өнцгөөр хянах боломж олгох юм байна. “Энэ бол бидний бүтээсэн хамгийн аюулгүй автомашин” хэмээн “Volvo" компани онцолжээ.
"Volvo EX90" нь ирэх оны эцсээс хамгийн түрүүнд АНУ-ын зах зээлд худалдаанд гарах бөгөөд үнэ нь 80 мянга орчим ам.доллар байх юм байна.