
Зэс олборлолтоор дэлхийд тэргүүлдэг Чили улсын “Codelco” компани 2023 онд БНХАУ-ын хэрэглэгчдээс авдаг худалдан авалтын урамшууллыг 33 хувиар нэмж, тонн тутамд 140 ам.доллар болгон өсгөхөөр болжээ. Тус компани энэ онд дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч улс болох БНХАУ-д худалдсан зэсийн катодын тээвэрлэлтийн хөлсөнд тонн тутамд 105 ам.долларын урамшуулал авч байсан аж. Зэсийн бэлэн нөөц багасаж байгаа ч эрэлт өндөр хэвээр байгаагаас тус компанийн урамшуулал ийнхүү нэмэгдэх болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Одоогоор “Codelco”-ийн зүгээс энэ асуудлын талаар тодорхой мэдэгдэл гаргаагүй аж.
Өнгөрсөн баасан гарагийн байдлаар Шанхайн Фьючерсын бирж болон түүнтэй холбоотой агуулахуудад байгаа боловсруулсан зэсийн нөөц 84 мянга 164 тонн байсан нь аравдугаар сард 72 мянга 159 тонн болж, хамгийн доод цэгтээ хүрснээс хойш бага хэмжээгээр нэмэгдсэнийг харуулж байна.
Өнгөрсөн сард “Codelco” компани Европын хэрэглэгчдээс авах худалдан авалтын урамшууллыг 2023 онд 80 хувиар нэмэгдүүлж, тонн тутамд 234 ам.доллар болгохоо мэдэгджээ.
Эрчим хүчний үнийн өсөлтөөс үйлдвэрлэл удааширч, нийлүүлэлт буурсан тул дээрх шийдвэрийг гаргасан гэж тус компаниас мэдээлж байсан юм.
БНХАУ дахь худалдан авагчид томоохон зэс үйлдвэрлэгчид урамшууллаа нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд цаашид ОХУ-аас авах импортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.