
АНУ-ын Холбооны Нөөцийн банк 2022 оны хамгийн сүүлийн шийдвэрээрээ бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөлөө. Ингэснээр хүүгийн түвшин нь 4.5 хувьд буюу 2007 оноос хойших дээд түвшинд хүрээд байна.
Үүний зэрэгцээ Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл инфляцыг хазаарлахын тулд 2023 онд ч бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх дохиог өгсөн юм. Тус улсад инфляцын өсөлт хоёр сар дараалан саарсан ч зорилтот түвшин болох хоёр хувьд хүргэхэд илүү хугацаа шаардлагатай байгааг тэрбээр онцлоод “Туулах зай байсаар байна. Ажлаа дуусгах хүртэл бид замаасаа хазайхгүй” хэмээжээ.
Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчдын дунд Төв банк ирэх онд мөнгөний хатуу бодлогоо зогсоож, яваандаа эдийн засгийн хүндрэлийн улмаас бодлогын хүүгээ бууруулж эхэлнэ гэсэн хүлээлт давамгайлсан тул Жером Пауэллийн мэдэгдлийн дараа үнэт цаас, бондын зах зээлд төдийлөн уналт ажиглагдаагүй байна.
Харин Жером Пауэллийн хувьд Холбооны Нөөцийн банк инфляцыг зорилтот түвшинд аваачих шийдвэрээсээ ухрахгүйг бататгаж, хөрөнгө оруулагчдын хүлээлт ямар байхаас үл хамааран ирэх онд бодлогын хүүг бууруулах төлөвлөгөө огт байхгүйг тодорхой мэдэгдсэн байна.
11 дүгээр сарын байдлаар шинжээчид бодлогын хүү 2023 онд таван хувьд хүрнэ гэж тооцоолж байсан бол Холбооны Нөөцийн банкны мэдээллээс харахад 5.1 хувь хүртэл өсгөх магадлал өндөр байна.
Харин “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын тооцооллоор Төв банк бодлогын хүүгээ 4.9 хувь хүртэл өсгөх төлөвтэй аж. Өөрөөр хэлбэл II болон III сард тус тус 25 суурь нэгжээр өсгөсний дараа мөнгөний хатуу бодлогын циклээ завсарлаж магадгүй байгаа юм.
АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл