
БНХАУ эдийн засгаа эргэн нээх үйл явцыг эрчимтэй бөгөөд гэнэтийн байдлаар хэрэгжүүлж байгаа нь тус улсын эмзэг талуудыг сайн мэддэг ажиглагчдын санааг зовоож байна.
Ердөө долоо хоногийн өмнө COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо дуусгавар болгоод буй БНХАУ өнөөдрийн байдлаар дотоодод хэрэгжиж буй ихэнх хязгаарлалтаа цуцалж, “коронавирус”-ийн тархалтыг дарахын тулд сүүлийн гурван жилийн турш чанд хатуу мөрдсөн журмаасаа татгалзаад байна.
Энэхүү эрчимтэй өөрчлөлт нь COVID-19-ийн халдварын тоо огцом нэмэгдэхэд нөлөөлж, Бээжин хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байдалд хүргэжээ. “Бид чадах бүхнээ хийсэн болохоо одоо өөр хийчих зүйл алга. Барууныхны авсан арга хэмжээ, түүний үр дагаврын жишээ бэлэн байна. Тиймээс зүгээр л зөнд нь орхицгооё гэж хятадууд бодсон байх” хэмээн “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Сэм Фазели онцолж байна.
Олонх шинжээчид тус улс COVID-19-ийг Үл тэвчих бодлогоос гарах үйл явцаа аажмаар, өндөр хяналттайгаар гүйцэтгэнэ гэж тооцоолж байсан нь ийнхүү эсрэгээр эргэжээ. БНХАУ-д ахмад настнуудын вакцинжуулалтын түвшин бусад орнуудтай харьцуулахад бага, эрүүл мэндийн системийн нөөц хүчин чадал хангалтгүй, дээрээс нь өвлийн ид хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа үед энэхүү шийдэмгий алхам нь томоохон эрсдэл дагуулж болохыг шинжээчид онцолж байна.
Хэдийгээр БНХАУ-ын Засгийн газрын шийдвэр гаргалтын явцыг нарийн хянахад хэцүү ч Ерөнхийлөгч Ши Жиньпин одоогоор давамгайлж буй “Omicron” хувилбарын шинж тэмдэг хөнгөн учраас эдийн засгийг эргэн нээхэд төдийлөн хүндрэл учруулахгүй гэж үзсэн байж магадгүй хэмээн Сингапурын Үндэсний их сургуулийн судлаач Дрю Томпсон таамаглажээ.
Үүнээс гадна нэгдүгээр сарын эцсээр тохиож буй Сар шинийн баярын үед авах арга хэмжээ зэрэг тодорхойгүй зүйлс олон хэвээр байгаа юм. Дэлхийн хамгийн томд тооцогдох түр шилжилт хөдөлгөөн явагддаг Цагаан сарын амралтын үеэр COVID-19-ийн халдвар, нас баралтын тоо эрс өсөж, эрүүл мэндийн системийн хүчин чадлаас давах эрсдэл бий болохоор байгаа аж.