
Австралийн сэргээгдэх эрчим хүчний “5B Holdings” стартап хэдхэн минутын дотор суурилуулагддаг нарны хавтангийн технологийн хөгжүүлэлтдээ “BP” компанийн хөрөнгө оруулалтын нэгжээс 20 сая австрали доллар буюу 13.7 сая ам.долларын санхүүжилт татсан байна.
Тус стартапын бүтээсэн нарны хавтан нь баян хуур хөгжим шиг дэлгэгддэг бүтэцтэй тул цөөн ажилчид богино хугацааны дотор суурилуулах боломжтой юм байна. Тус компани одоогоор энэхүү бүтээгдэхүүнийхээ хэрэглээг олон улсад өргөжүүлэхээр ажиллаж байгааг мэдээлжээ.
“Бүтээгдэхүүн маань маш энгийн. Нарны хавтангуудыг нугасаар холбож, дараа нь дэлгээд л болно” хэмээн “5B Holdings”-ийн Хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Крис Макграт өгүүлжээ.
“BP”-тэй хамтран ажилласнаар тус компани томоохон хөрөнгө оруулагч, мөн боломжит үйлчлүүлэгчтэй болж байгаа юм. Эрчим хүчний аварга “B”P компани 2030 он гэхэд 50 мянган мегаваттын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний төслүүд хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүнийхээ дийлэнх хувийг нарны цахилгаан станцуудаас бүрдүүлэх аж.
“5B Holdings” компани өнөөдрийг хүртэл Европ, Хойд болон Өмнөд Америк, Ази тивд нийт 60 мегаваттын хүчин чадал бүхий нарны хавтангууд суурилуулаад байгаа аж. Ирэх онд суурилуулсан нарны хавтангийн хүчин чадал нь 200 мегаваттыг, борлуулсан нь 1000 мегаваттыг давна хэмээн тус компани тооцоолжээ.
Тус технологи өргөн ашиглагдах боломжтой нэг салбар нь эрчим хүчний хэрэглээ өндөртэй ч цахилгаан шугам сүлжээнээс хол оршдог уурхайнууд аж. Гол давуу тал нь “5B Holdings”-ийн нарны хавтангуудыг хэдэн жилийн турш ашиглаад дахин шинэ талбай руу зөөх боломжтой байдал гэдгийг онцолжээ.