
“Sotheby’s” компани дуудлага худалдаа, үзэсгэлэн зохион байгуулах шинэ төвөө Хонгконгт нээхээр болсны зэрэгцээ тус хот руу төв оффисоо нүүлгэх шийдвэр гаргажээ. Урлагийн бүтээлийн борлуулалт дээд түвшиндээ хүрсэн энэ үед тус компани БНХАУ, Хонгконг, Тайваньд өсөлтөө эрчимжүүлэхээр төлөвлөсөн аж.
Хонгконгийн Төв дүүргийн “Landmark Chater”-д орших барилга нь 2230 м² талбайтай, хоёр давхар байх бөгөөд 2024 онд нээлтээ хийхийг “Sotheby’s” мэдээлсэн байна. Мөн олон нийтэд нээлттэй, дотроо үзэсгэлэнгийн талбайтай, шууд худалдан авалт хийх дэлгүүрүүд болон кафетай байх аж. Барилгыг “Hongkong Land Holdings” компани эзэмших юм байна.
Үүнээс гадна Хонгконгийн “Six Pacific Place” дахь 3300 м² талбайтай, дөрвөн давхар объектод “Sotheby’s” компани шинэ төв байраа нээхээр төлөвлөжээ.
Энэ онд тус компанийн Ази тивд хийсэн дуудлага худалдаа 1.1 тэрбум ам.долларын орлого олсон нь 2021 оны дээд амжилттай зэрэгцсэн үзүүлэлт болсон байна. Хонгконг эртнээс урлагийн бүтээлийн худалдааны гол зангилаа байсаар ирсэн бөгөөд 2022 оны эхний хагаст энэ төрлийн зарцуулалтын түвшин хамгийн өндөртэй зах зээлүүдийн нэгт бичигдэж байгааг “Art Basel” тайландаа дурджээ.
Түүнчлэн Хонгконгийн цуглуулагчид энэ онд 2021 оны түвшнээс хоёр дахин илүү тооны урлагийн бүтээл худалдан авсан тооцоотой байгааг тайланд өгүүлсэн байна.