
2022 онд “Hyundai Motor” болон түүний охин компани “Kia”-ийн борлуулалт Европт 4.2 хувиар өссөн байна.
Өнгөрсөн онд дээрх компаниуд Европт 1,060,989 автомашин борлуулжээ. Энэ нь 2021 онд 1,018,636 нэгж автомашин борлуулж байснаас өссөн үзүүлэлт боллоо. Ингэснээр БНСУ-ын хоёр брэнд Европын автомашины зах зээлийн 9.4 хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл Европын зах зээлд эзлэх хувиараа дөрөвдүгээрт бичигдэж байгаа юм. “Hyundai Motor”-ийн "Tucson" болон "Kona" SUV загвар, "Kia"-ийн "Sportage" SUV болон хосолмол хөдөлгүүртэй "Niro" загвар хамгийн их борлуулалттай байсан аж.
2022 онд “Volkswagen” компани дангаараа Европын зах зээлийн 25 хувийг, “Stellantis” 18 хувийг, “Renualt” 9.4 хувийг тус тус бүрдүүлж, эхний гуравт бичигдэж байжээ. Тухайлбал: "Renault" компани өнгөрсөн онд Европын зах зээлд 1,061,560 нэгж автомашин борлуулсан байна.