
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Статистикийн бизнес регистрийн санд 2022 онд 246.4 мянган хуулийн этгээд бүртгэгдсэн нь өмнөх оноос 15.8 мянга буюу 6.8 хувиар нэмэгдсэн байна. Хэдий тийм боловч үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо мөн өсжээ. Тухайлбал: 246.4 мянган хуулийн этгээдийн 35.1 хувь нь үйл ажиллагаа явуулсан бол 64.9 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна.
2022 онд үйл ажиллагаа явуулсан нийт хуулийн этгээдийн 79.7 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарынх байгаа бөгөөд тээвэр ба агуулахын салбар 15.8 хувиар, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх салбар 15 хувиар, мэдээлэл холбооны салбар 12.8 хувиар, байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх салбар 12 хувиар, бөөний болон жижиглэн худалдаа, автомашин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх өмнөх оноос 11.3 хувиар өсжээ.
Түүнчлэн үйл ажиллагаа явуулсан нийт хуулийн этгээдийн 84.1 хувийг 1-9 ажиллагчидтай, 7.4 хувийг 10-19 ажиллагчидтай, 5.6 хувийг 20-49 ажиллагчидтай, гурван хувийг 50 ба түүнээс дээш ажиллагчидтай хуулийн этгээд эзэлж байна.
Харин үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 114.2 мянга буюу 71.4 хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоосон, 41.6 мянга буюу 26 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй, 4.2 мянга буюу 2.6 хувь нь бусад шалтгаантай байгаа аж.
Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийн 193 мянга нь компани, 42.1 мянга нь бусад , 5.7 мянга нь нөхөрлөл, 5000 нь хоршоо байна.
Нийт хуулийн этгээдийн 76.7 хувь нь Улаанбаатар хотод, 8.2 хувь нь Төвийн бүсэд, долоон хувь нь Хангайн бүсэд, 5.3 хувь нь Баруун бүсэд, 2.8 хувь нь Зүүн бүсэд бүртгэлтэй байгаа ажээ.