logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ-ын эдийн засаг эргэн нээгдсэний нөлөөгөөр “BHP Group”-ийн төмрийн хүдрийн гарц дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 19 12:00
    283
    “BHP Group” XII/31-нээр эцэслэгдсэн 6 сарын хугацаанд 132 сая тонн төмрийн хүдэр олборложээ

    Дэлхийн хамгийн том уул уурхайн компани “BHP Group” санхүүгийн жилийн эхний хагаст төмрийн хүдрийн олборлолтоо түүхэн дээд түвшинд хүргэснээ тайлагнасан нь БНХАУ эдийн засгаа эргэн нээснээр 2023 онд түүхий эдийн эрэлт өснө гэсэн таамгийг бататгажээ.

    Австралийн Мельбурнд төвтэй тус компани 12 дугаар сарын 31-нээр эцэслэгдсэн зургаан сарын хугацаанд 132 сая тонн төмрийн хүдэр олборлосон байна. Нийлүүлэлтийн сүлжээний гүйцэтгэл сайжирч, гол худалдан авагчдынх нь эрэлт өссөн нь энэхүү дээд амжилтыг тогтоох түлхэц болжээ.

    “БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбартаа өсөлтийг дэмжсэн бодлого явуулахын зэрэгцээ Covid-19-ийн хязгаарлалтуудаа зөөллөсөн нь эхний хагас жилийн хүнд нөхцөл байдлаас гарахад дэм үзүүлэх төлөвтэй байна” хэмээн “BHP Group”-ийн Гүйцэтгэх захирал Майк Хенри онцоллоо. Мөн тус улс тав дахь жилдээ дараалан нэг тэрбум тонноос давсан хэмжээний ган үйлдвэрлэх хүлээлттэй байгааг мөн онцолсон байна.

    2022 онд БНХАУ-ын эрэлтийн төлөвтэй холбоотой тодорхойгүй байдалтай зэрэгцэн төмрийн хүдрийн үнэ огцом унаснаар “BHP Group” болон “Rio Tinto”, “Vale” зэрэг өрсөлдөгч компаниуд нэлээд савлагаатай жилийг даван гарсан юм. Хэдий тийм боловч оны эцэст илүү эерэг хүлээлт бий болсноор “BHP Group” сүүлийн улиралд 66.9 сая тонн төмрийн хүдэр олборлож, шинжээчдийн медиан төсөөлөл болох 64.2 сая тонноос давуулж чаджээ.

    Тус компани 2023 оны санхүүгийн жилийн төмрийн хүдэр олборлолтын төсөөллөө хэвээр үлдээсэн ч Чилийн “Escondido” уурхайд үүсээд буй сааталтай холбоотойгоор зэсийн гарц нь буурахаар байгааг анхаарууллаа. 

    Cэтгэгдэл бичих