
Нарийн төвөгтэй сэдвээр хэдхэн секундэд чанартай, боловсронгуй эссэ бичиж чаддаг “ChatGPT” хиймэл оюун ухаантай систем нь яваандаа “бичихэд зориулсан тооны машин” болно хэмээн нэгэн тэргүүлэх эдийн засагч үзжээ.
Стэнфордын Их сургуулийн эдийн засаг, мэдээллийн технологийн профессор Эрик Бриньёлфссоны өгүүлснээр энэхүү чатбот “нэгэн хэвийн, тогтсон хэв шинжтэй ажил хийх шаардлагыг арилгаад зогсохгүй үүнийг ашигладаг хүмүүс илүү бүтээлчээр ажиллах чадвартай болж магадгүй” аж.
“Microsoft”-ийн хөрөнгө оруулалттай “OpenAI” стартапын бүтээсэн “ChatGPT” нь хичээл хуулах явдлыг урьд байгаагүй хялбар болгосноор сурагч, оюутнуудад хор уршиг авчирна гэж багш, профессорууд санаа зовних болжээ. Энэхүү систем АНУ-ын хуулийн сургуулиудын элсэлтийн шалгалт, өмгөөлөх эрхийн шалгалтад аль хэдийн тэнцэж чадсанаар зогсохгүй Их сургуулиуд үүнд зориулан сургалтын хөтөлбөр, даалгавруудаа өөрчилж эхлээд байгаа аж.
“AI, The Second Machine Age” номоороо алдаршсан Бриньёлфссон Давост болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа ирээдүйд хүний эргэцүүлэн бодох, бичих чадварыг технологи орлоно гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Харин оронд нь энгийн математикийг тооны машин улам хялбар болгосон шиг “ChatGPT” ч “Бидний бичих ур чадварыг сайжруулна” гэсэн байна.