
“Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск болон “Twitter” компанийн хоорондох 44 тэрбум ам.долларын худалдан авалтын хэлцэл түр зогсонги байдалд ороод байна. 13 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт хүлээн авах эсэхээс хамаарч тус компанийг худалдан авах санал нь хэвээр үлдэхээр байгааг Илон Маск мэдэгдсэн нь үүнд нөлөөлжээ.
Аравдугаар сарын гурванд тэрбумтны өмгөөлөгчид АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд Илон Маск “Twitter”-ийн нэгж хувьцааг 54.20 ам.доллароор үнэлэн авах хэлцлээ анхны нөхцөлөөр хийхэд бэлэн байгааг илэрхийлсэн захидал илгээхдээ “Зээлийн санхүүжилтийн орлогыг хүлээн авсан үед” хэмээн дурджээ. Хэдий тийм боловч анхны хэлцэлд ийм нөхцөл байдал үүсэх талаар агуулга байгаагүй аж.
Дөрөвдүгээр сараас хойш үргэлжилж буй Илон Маск болон “Twitter” компани хоорондын хэлэлцээр одоогоор худалдан авалтыг эцэслэхийн өмнө үлдээд буй асуудлуудыг шийдвэрлэхэд төвлөрч байгаа юм. Энэ ажлыг дуусгасны дараа хоёр тал хамтран шүүхэд хүсэлт гаргаж, “Twitter”-ийн Илон Маскийн эсрэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцаан татах магадлал өндөр байна. Долоодугаар сард Илон Маск хэлцлээс албан ёсоор гарсан тул “Twitter”-ээс түүнийг Делавер мужийн шүүхэд өгөөд байв.
Харин пүрэв гарагт Делавер мужийн шүүгч энэ маргааныг шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулж, талуудад хэлцлээ дуусган тохиролцоонд хүрэх хугацааг өгсөн байна. Аравдугаар сарын 28-ны өдрийн 17.00 цаг гэхэд худалдан авалтын мөнгөн шилжүүлэг хийгдээгүй тохиолдолд ирэх 11 дүгээр сард шүүх хурлын шинэ товыг гаргана хэмээн шүүгч Кэтэлин МакКормик тогтоол гаргажээ.