logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Торир Ибсен: Газрын гүний дулааныг ашиглах нь урт хугацаандаа эдийн засгийн өндөр өгөөжтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 10 16:26
    949
    Исланд улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Торир Ибсентэй ярилцлаа

    - Исланд улс цэвэр усны нөөц, гол горхи ихтэй нь маш азтай хэрэг. Мөн галт уулын идэвхтэй бүсэд оршдог учир халуун рашаан элбэгтэй. Энэхүү зардал ихтэй төслүүдийг хэрэгжүүлэхдээ бид эхний ээлжид усны эрчим хүчийг бага хэмжээгээр ашиглаж эхэлсэн. XX зууны эхэн үеэс орон нутгийн хэрэгцээг хангах түвшинд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн. Харин II дайнаас хойш буюу 1960-аад оноос аж үйлдвэрлэлийг  цахилгаанаар хангахад анхаарч эхэлснээр томоохон хэмжээний  усан цахилгаан станцууд байгуулах шаардлага үүссэн. Үйлдвэрлэсэн тэр их цахилгааныг маань худалдан авах хэрэглэгчдийг бүрдүүлэхийн тулд бид эх орондоо эрчим хүч ихээр шаарддаг үйлдвэрлэл явуулдаг компаниудыг урьсан. Ингэснээрээ бид улсаа бүхэлд нь цахилгаанаар хангах түвшний эрэлт-нийлүүлэлтийн циклийг бий болгосон юм.

    - Ярилцлагын эхэнд та газрын гүний дулаан ашиглах нь байгаль орчинд чухал ач холбогдолтой талаар дурдлаа. Эдийн засаг талаас нь авч үзвэл газрын гүний дулааныг ашиглах нь ямар ач холбогдолтой вэ?

    - Урт хугацаандаа эдийн засгийн үр өгөөж ихтэй. Хөрөнгө оруулалтаас хүртэх ашиг маш өндөр. Гэхдээ газрын гүний дулааныг хэрэглээнд нэвтрүүлэхэд тулгамддаг гол сорилт бол анхны хөрөнгө оруулалт юм.

    Төслийг анх хэрэгжүүлэхэд маш өндөр зардалтай. Эхний шатанд маш их судалгааны ажил шаардагдана. Дараа нь нөөцийг олж илрүүлэхийн тулд олон удаа туршилтын өрөмдлөг хийнэ. Ингэснээр шатах түлшний салбартай харьцуулах илүү их зардал гардаг. Энэ үйл явц дуусмагц турбинтэйгээ холбоно. Зардал өндөртэй учраас олон хүн газрын гүний дулааны бизнесээс зайлсхийдэг. Гэхдээ анхны хөрөнгө оруулалтаа шийдвэрлэж чадвал бараг л ямар ч өртөггүйгээр сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжтой. Гүний худгаас халуун усаа татан, дулаан солилцох замаар хүйтэн усаа халааж, айл, өрхийг дулаанаар хангадаг. Үлдсэн усаа буцаагаад л гүний худаг руугаа урсгана. Нэг усаа л зогсолтгүй эргэлдүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл усны нөөцийг шавхах эрсдэл үүсэхгүй. Мөн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагагүй.

    Исландын компаниуд хилийн чанадад үйл ажиллагаагаа тэлж эхлэхэд олон улс орон газрын гүний дулаан ашиглахыг хэтэрхий өндөр өртөгтэй гэж үзэж байсан. Тиймээс бид Дэлхийн Банктай хамтран “Дэлхий даяар газрын гүний дулааныг хөгжүүлэх хөтөлбөр” нэртэй сан байгуулсан. Тус сан компаниудад анхны хөрөнгө оруулалтыг бүрдүүлэхэд нь туслахаар хөнгөлөлттэй зээл олгодог.

    - Газрын гүний дулааныг ашиглах нь өндөр өртөгтэй байдаг шүү дээ. Монгол Улсад газрын гүний дулааныг ашиглах нөөц боломж байгаа гэж үзвэл бидэнд санхүүжилтийн ямар боломжууд байна вэ?

    - Байгаа. Жишээ нь: миний дээр дурдсан Дэлхийн банктай хамтарсан “Дэлхий даяар газрын гүний дулааныг хөгжүүлэх хөтөлбөр” байна. Мөн монголчуудын сайн мэдэх Уур амьсгалын ногоон сан энэ төрлийн санхүүжилт олгодог. Анхны хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх урт хугацааны хөнгөлөлттэй зээл санал болгож байгаа. Исландын Засгийн газрын зүгээс бас бусад банкнуудтай хамтран ажилладаг. Жишээлбэл: Азийн Хөгжлийн Банк хэд хэдэн компанид Азид газрын гүний дулааны станц байгуулахад нь туслахаар зээл олгосон. Дээр нь Исланд Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны гишүүн улс. Тус банк мөн анхны хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд улс орнуудад тусалдаг.

    - Исланд улсын жишгээс харахад сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн салбар аль секторт түлхүү төвлөрсөн бэ? Хувийн хэвшилд тулгуурладаг уу, эсвэл Төрийн оролцоо давамгайлдаг уу?

    - Төрийн өмчийн үйлдвэрүүд үндэс суурийг нь тавьж өгсөн. Гэхдээ дэлхий байнга хувьсан өөрчлөгддөг шүү дээ. Өнгөрсөн зууны дунд үед боловсруулсан хөгжлийн загварыг өнөөдөр ашиглах боломжгүй. XIX зууны дунд үеэс XX зууны хоёрдугаар хагас хүртэл дэд бүтцийн хөгжилд төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилт давамгайлж байсан. Европ дахь бүхий л дэд бүтцийн төслийг төрөөс санхүүжүүлж байлаа. Сүүлд хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэн. Өнөөдөр бол арай өөр замаар явах болов уу гэж бодож байна. Магадгүй эхнээсээ л Төр нь хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах байх.

    Хууль, эрх зүйн талаас олон асуудалтай тулгарах учраас Төрийн оролцоо хэрэгтэй. Бодлогын хүрээ урьдчилан таамаглах боломжтой, ил тод байх нь чухал. Газар эзэмшлийн асуудал яригдана. Тухайн газар гүнээс ус татах болбол гадаргаас хэр гүн хэсгийг тухайн иргэний өмчид тооцох вэ гээд л асуудал яригдана. Орон нутгийг цахилгаанаар хангахад нийтийн үйлчилгээний стандартын асуудал хөндөгдөнө. Тиймээс хуулийн зохицуулалт тодорхой байх хэрэгтэй. Харин хөрөнгө оруулалт, хөгжүүлэлтийн ажлыг хувийн хэвшил хариуцвал илүү үр дүнтэй юм.

    - Хувийн хэвшлүүдийг сэргээгдэх эрчим хүчний салбарт бие даан хөрөнгө оруулах хэмжээний чадамжтай болгохын тулд ямар байдлаар дэмжих хэрэгтэй гэж та бодож байна вэ?

    - Монголоор жишээ татвал бид монгол мэргэжилтнүүдийг газрын гүний дулаан ашиглах тухай сургалтад хамруулж байна. Исланд өөрийн гэсэн олон улсын сургалтын хөтөлбөртэй. Энэ хөтөлбөртөө Монголоос 12 мэргэжилтнийг хамруулсан. Тэд маань одоо Монголд байгаа. Эдгээр мэргэжилтнүүдийн дийлэнх нь эрчим хүчний компаниудтай хамтран ажиллаж байна.

    Тэгэхээр энэ салбарт  мэргэжилтнүүд бий болж эхэлсэн гэсэн үг. Дээр нь Монголд ирж, хувийн хэвшлүүдтэй хамтран үйл ажиллагаа явуулах сонирхолтой Исланд компаниуд бий. Мөн энэ салбар руу орохыг хүсэж буй Монголын компаниудын талаар сонссон. Энэ долоо хоногт төлөөлөлтэй нь уулзаж ярилцахаар төлөвлөсөн. Хувийн хэвшлийн сонирхол өндөр байна гэсэн үг. Би энд байхдаа мөн Төрийн албан тушаалтнуудтай уулзсан.

    Монгол Улс аажмаар ногоон шилжилтийг хийж байна. Ялангуяа эрчим хүчний салбартаа. Нарны хавтан, салхин тээрэм суурилуулж байгааг бидний зүгээс маш их дэмжиж байгаа. Хэдий тийм боловч нарны хавтан болон салхин тээрмийг 24 цагийн турш тогтмол ажиллуулах боломжгүй. Хэрэв наргүй эсвэл салхигүй байвал эрчим хүчгүй болчихно. Харин газрын гүний дулаан нь байнга ажиллах боломжтой. Компаниудыг татахын тулд эхний ээлжид хууль зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Компаниуд зах зээлд нэвтрэхдээ олон улсын байгууллагуудын санхүүжилтийг татна.

    - Исландын газрын гүний дулааныг ашиглах сургалтын  талаар асуумаар байна. Зургаан сарын хугацаанд үргэлжлэх тус хөтөлбөр нь жил бүр зохион байгуулагддаг юм байна. Сургалтын ач холбогдлын талаар та бидэнд мэдээлэл хүргэхгүй юу?

    - Ач холбогдол гэвэл боловсролын зэрэгтэй мэргэжилтнүүдэд зориулсан сургалт гэдгээрээ онцлогтой. Үүнд инженерүүд, геологичид, усны технологийн эрдэмтэд зэрэг мэргэжилтнүүд хамрагддаг. Тэгэхээр анхан шатны боловсрол олгохгүй. Заавал боловсролын зэрэгтэй байх шаардлагатай.  Хоёрдугаарт, Төрийн өмчийн байгууллага эсвэл хувийн хэвшилд ажилладаг байх ёстой. Энэ шаардлагуудыг давж байж  бүртгүүлэх боломжтой. Энэхүү хөтөлбөр манай Засгийн газрын хөгжлийг дэмжих системийн нэг хэсэг учир төсвөөс санхүүждэг. Суралцахаар ирж буй хүмүүст тэтгэлэг олгоно.

    Боловсролын зэрэгтэй хүмүүс учир “fellows” гэж нэрлэдэг. Сургалтад оролцогчид төслийн санаатай ирэх шаардлагатай. Ингэснээр онолын сурах биш аль хэдийн тодорхой санаачилгатайгаар Исландад суралцахаар ирдэг гэсэн үг юм. Газрын гүний дулаантай холбоотой тусгай дата мэдээлэл, шинэ саналтайгаа Исландад ирж байгаа. Ирээд их сургуулийн түвшний мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, бие даан төслөө хөгжүүлэх судалгаа явуулдаг. Манай мэргэжилтнүүд тэдгээр санаануудыг чиглүүлэн өгч, биет, найдвартай бизнесийн санаа болгон хувиргадаг. Ингэснээр хэрэгжүүлэхэд бэлэн төслүүд бэлтгэгдэж байгаа.

    Энэхүү сургалтын онцлог бол танд туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжийг олгодог явдал юм. Үүний эцэст төгсөгчид маань Монголд  эргэж ирэхдээ бодит биеллээ олох бүрэн боломжтой төсөлтэй ирдэг.

    - Одоогоор Монгол Улсаас мэргэжилтнүүд суралцаж байгаа юу?

    - Тийм ээ, байгаа. Монголчууд тогтмол хамрагддаг. Би бүх сургалтуудын тухай ярихгүй. Манайд дөрвөн төрлийн сургалт бий. Одоогоор 45 монгол хүн энэхүү сургалтуудад хамрагдаад байна. Түүнээс 20 нь газрын гүний дулааны эрчим хүчний мэргэжилтнүүд.

    Cэтгэгдэл бичих