
БНХАУ-ын авто үйлдвэрлэлийн томоохон компани “BYD” энэ улирлаас эхлэн Их Британид борлуулалтаа эхлүүлж, цахилгаан автомашины эзлэх хувь нь улам өссөөр буй зах зээлд хөл тавихаар шийджээ.
Уоррен Баффетийн “Berkshire Hathaway”-ийн хөрөнгө оруулалттай тус компани “Pendragon”, “Arnold Clark Automobiles”, “Lookers Motor Group” болон “LSH Auto Holdings”зэрэг Их Британийн томоохон дилер компаниудтай түншлэхээр болсон бөгөөд ирэх долоо хоногуудад бусад түншүүд болон үнийн мэдээллээ танилцуулахаар төлөвлөжээ. Тус улсад анхлан борлуулагдах автомашин нь SUV ангиллын “Atto 3” загвар байх аж.
Их Британийн автомашины зах зээл Европт хамгийн томд тооцогддог ч цар тахлын эхэн үеэс хойш авто үйлдвэрлэгчид борлуулалтаа сэргээхэд хүндрэлтэй байсаар байгаа юм. 2022 онд Их Британид шинээр бүртгүүлсэн автомашины тоо сүүлийн 30 жилийн доод түвшинд хүрсэн ч цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт нэмэгдэж, өнгөрсөн оны нийт нийлүүлэлтийн 17 хувийг эзэлснээр дизель хөдөлгүүртэй автомашиныг анх удаа гүйцсэн байна.
“BYD” компани Европт үйл ажиллагаагаа идэвхтэй тэлж, одоогоор Норвег, Дани, Швед, Нидерланд, Бельги зэрэг улсад салбар дэлгүүрээ нээгээд байна.
Түүнчлэн бүтээгдэхүүний төрөл, үйлдвэрлэлийн хүчин чадлаа улам өргөжүүлснээр энэ онд дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины борлуулалтаараа “Tesla”-аас дахин илүү гарч магадгүйг “BloombergNEF” тооцоолжээ.