
“Samsung Electronics” компани БНЭУ-аас дотоодын үйлдвэрлэлийн урамшуулал болгон олгодог санхүүжилтийг авах асуудлаар тохиролцоонд хүрэхэд хүндрэл учирч байгааг мэдээллээ.
Тус компанийн БНЭУ дахь салбар 2021 оны гуравдугаар сараар эцэслэгдсэн санхүүгийн жилийн урамшуулал болгон есөн тэрбум рупи буюу 110 сая ам.доллар хүлээн авахыг зорьж байгаа аж. Харин Засгийн газраас тус компанийг энэхүү хүсэлтийн үндэслэл болгох мэдээлэл, бичиг баримтыг хангалттай бүрдүүлж өгөөгүй тохиолдолд зөвхөн 1.65 тэрбум рупи олгох боломжтойгоо илэрхийлжээ.
БНЭУ-ыг цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэлийн зангилаа болгох Ерөнхий сайд Нарендра Модигийн бодлогын гол хэсэг нь энэхүү урамшуулал юм. Тус улс 2020 онд Үйлдвэрлэлтэй уялдсан урамшууллын (PLI) хөтөлбөрт 6.7 тэрбум ам.доллар төсөвлөснөө зарлаж, дотоодод үйлдвэрлэсэн ухаалаг гар утас борлуулдаг компаниудад мөнгөн урамшуулал олгохоо амлаж байв. Энэхүү төлөвлөгөө нь “Samsung Electronics” компани тус улсад олон тэрбум ам.доллароор үнэлэгдэх үйлдвэрлэл явуулж, сүүлийн санхүүгийн жилд БНЭУ-ын ухаалаг гар утасны хамгийн том экспортлогч компани болоход түлхэц болсон юм.
“Samsung Electronics” урамшууллын нөхөн олголтын асуудлаар Засгийн газартай яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд хөтөлбөрийг амжилттай болгохын тулд төрөл бүрийн оролцогч талуудтай хамтран ажиллаж байгаагаа компанийн төлөөлөгч мэдээлжээ.
Тус компани урамшууллын хөтөлбөрт хамрагдсан эхний жилдээ ийнхүү хүндрэлтэй тулгарсан бол “Apple”-ийн ханган нийлүүлэгч “Foxconn” компанийн БНЭУ дахь салбар 2022 оны санхүүгийн жилд хэдийн 3.5 тэрбум рупигийн урамшууллыг хүлээн аваад байгаа аж.