
Чип үйлдвэрлэл ба интернэт үйлчилгээний тэргүүлэх компаниудын уналтын нөлөөгөөр БНСУ-ын хувьцаанууд дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн тааруу үзүүлэлттэй жилээ үдэж байна.
Тус улсын хөрөнгийн зах зээлийн жишиг индекс “KOSPI” энэ онд 22 хувиар унасан нь 2008 оноос хойших хамгийн огцом уналт болохоор байгаа юм. “Samsung” компанийн хувьцааны ханш он гарсаар 26 хувиар унасан бол “Kakao”-ийн хувьцааны ханш үүнээс хоёр дахин илүү хувиар унасан нь дээрх тааруу үзүүлэлтэд гол жин даржээ.
Үүнээс гадна өнгөрсөн онд өсөлтөөрөө өнгөлж байсан “Metaverse”, видео тоглоом, крипто үйлчилгээ үзүүлэгчдийн хувьцааны ханш 2022 онд эсрэг үзүүлэлтээр тэргүүлэгчдийн эгнээнд багтсан байна.
“Өсөлттэй гэгддэг хувьцаануудад энэ он үнэхээр хатуу байлаа. Ханшийн огцом хөдөлгөөний өршөөлгүй цикл үргэлжилсээр байна” хэмээн “Billionfold Asset Management” компанийн Гүйцэтгэх захирал Ан Хён Жин онцоллоо.
Харин цахилгаан автомашин үйлдвэрлэл болон батлан хамгаалахын салбарын хувьцаанууд БНСУ-д энэ оны гол “ялагчид”-ын тоонд багтжээ.
Цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэгч “LG Energy Solution” 10.7 тэрбум ам.долларын хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосон нь чип үйлдвэрлэлийн хувьцаанаас татгалзсан хөрөнгө оруулагчдыг татаж чадсан аж. “Tesla”-ийн ханган нийлүүлэгч тус компанийн хувьцааны ханш нэгдүгээр сард IPO гаргаснаас хойш 53 хувиар өсөж, “KOSPI” индексэд эзлэх жингээр хоёрдугаарт бичигдэж байна.
Мөн энэ онд дэлхий нийтээрээ зэвсэглэлээ сайжруулахаар яарсан нь БНСУ-ын батлан хамгаалахын компаниудад их хэмжээний ашиг авчирчээ. “Korea Aerospace Industries”, “Hanwha Aerospace”, “Hyundai Rotem” гэсэн компаниудын хувьцааны ханш тус бүр 30-аас дээш хувиар өссөн байна.