logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Хайртай дотнын хүмүүстэйгээ дулаахан дурсамжаа бүтээгээрэй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 27 14:40
    232
    XII/31-ний өдөр дуустал болох “Green Fest-2022” арга хэмжээний урлаг соёлын хөтөлбөр өдөр бүр 20.00 цагаас эхлэх бөгөөд 30 минут үргэлжилнэ

    Шинэ он угтсан баярын өдрүүдэд иргэд гэр бүл, найз нөхдийн хамт мөсөн хотхон, гэрлэн чимэглэлүүдийн дэргэд зургаа татуулж, хүүхдүүдээ тоглуулж, шинэ жилийн уур амьсгалыг мэдрэхийн сацуу мартагдашгүй сайхан дурсамж бүтээх боломжтой газар нэгээр нэмэгдлээ.

    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриа дор зохион байгуулж буй “Green Fest-2022” арга хэмжээг  Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Оргилмедиа менежмент” ХХК, “Мөнгөн Цой” ХХК болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

    Энэ хүрээнд төв талбайд гэрлэн чимэглэлүүд бүхий мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулж, шинэ жилийн уур амьсгал оруулжээ. Талбайд байрлуулсан гацууруудыг 100 хувь дахин боловсруулсан материалаар НҮБ-ын Хүүхдийн сангийн өсвөрийн хүүхдүүд зассан бол гэрлэн чимэглэл, цагаан баавгай зэргийг дахин боловсруулсан материалаар чимэглэсэн аж.

    “Green Fest-2022” арга хэмжээний хүрээнд дэлхийн томоохон хотуудын нэгэн адил төв талбайд өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэхээс гадна худалдааны цэгүүдэд түргэн хоол, халуун уух зүйл, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шинэ жилийн холбогдолтой бүтээгдэхүүнийг худалдаалах зэрэг олон сонирхолтой зүйлс таныг хүлээж байна. Түүнчлэн хувцас болон уншиж дууссан номоо хандивлах асруудыг байгуулжээ.

    “Төв талбайд байрлуулсан хаягдлаар хийсэн гацууруудыг эхэндээ олон нийт шүүмжилж байсан ч өмнөх жилүүдээс өөр байна. Чимэглэлүүд шинэ жилийн уур амьсгал оруулж, гоё болжээ. Өвөл дандаа ийм чимэглэлтэй байгаасай гэж хүсэж байна. Гадаа хэдий хүйтэн ч үзэх зүйл, тоглох тоглоом, оролцох арга хэмжээ олон байгаад баяртай байна” хэмээн иргэд онцолж байна.

    321612017_548604700519358_5427236148735844670_n.jpg

    Үүнээс гадна их хотын завгүй амьдралд өнгө нэмж, хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх Төв цэнгэлдэх мөсөн гулгуурын талбай болон цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд байгуулсан мөсөн хотхон хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийгээд байна.

    Энд хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулжээ. Түүнчлэн халуун уух зүйл, түргэн хоолны үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Удахгүй шинэ жилийн баяр болох гэж буй эдгээр өдрүүдэд ийнхүү нийслэлчүүд гадаа хүйтэн ч халуун дулаан мэдрэмж авах, хүүхэд залуус цагаа зөв боловсон өнгөрүүлэх бас нэгэн газартай боллоо.

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэхүү хотхоныг жишиг болгон байгуулж байгаа бөгөөд цаашид өөр өөр байршилд, жилийн дөрвөн улиралд иргэд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг тохижуулах юм байна.

    Цагт 700 хүн хүлээн авах хүчин чадалтай мөсөн гулгуурын талбайг иргэн Т.Энхтөр санаачлан холбогдох байгууллагуудын хамтаар бүтээжээ. Тэрбээр “Өвлийн улиралд хүүхдүүд цэвэр агаарт спортоор хичээллэх боломж тэр бүр байдаггүй. Хүүхдүүдэд эрүүл чийрэг бие болоод зөв амьдралын зөв хэвшил дутагдаж байна. Тиймээс хүүхдүүд эрүүл чийрэг өсөөсэй, спортоор хичээлдэг байгаасай гэх үүднээс энэ санаачилгыг гаргасан. Иргэд энд ирснээр хотын төвд дулаан орчинд цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжтой” гэж онцоллоо.

    “Хүүхдүүдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх сайхан орчныг бий болгосонд сэтгэл хангалуун байна. Нийслэлийн хүн ам нэмэгдэж зарим цагуудад хэт их нягтаршил үүсэж буй учир энэ мэт газар олон бий болоосой” хэмээн иргэд онцолж байна.

    Cэтгэгдэл бичих