
БНХАУ-д COVID-19-ийн нэг өдрийн батлагдсан тохиолдол дөрөвдүгээр сараас хойш анх удаа 10 мянгыг давж, мөн Бээжин хотод бүртгэгдсэн тохиолдлын тоо сүүлийн нэг жил гаруй хугацааны дээд үзүүлэлт болсон тул тус улсын эрх баригчид халдварын тархалтыг бууруулах илүү шийдэмгий арга хэмжээг авах саналыг дэмжсэн байна.
Пүрэв гарагт тус улсын нийслэл Бээжинд шинээр 114 тохиолдол бүртгэгдсэний дөрөв нь Засгийн газрын тогтоосон тусгаарлалтын системийн гаднаас илэрснийг хотын Эрүүл мэндийн комиссоос мэдээлжээ. Харин БНХАУ-ын хэмжээнд 10 мянга 243 тохиолдол нэг хоногт шинээр бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сарын 28-наас хойших дээд үзүүлэлт боллоо.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний шинээр бүрдүүлсэн Улс төрийн товчооны Байнгын хорооны хурлаар гишүүд “коронавирус”-ийн тархалтыг хяналтад оруулах илүү шийдэмгий арга хэмжээ авч, аль болох эрт энгийн амьдралдаа эргэн орж, үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхийг уриалсныг “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Мөн батлагдсан тохиолдол нэмэгдсээр байгаа үед COVID-19-ийн нөхцөл байдал ноцтой хэвээр байгааг онцолж байна.
Энэ долоо хоногт Бээжин хотын хүн ам ихтэй Чаоян дүүргийн зарим хороолол, орон сууцанд хэсэгчлэн хөл хорио тогтоосноос гадна зарим сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж.