
АНУ-ын хөрөнгийн зах зээл пүрэв гарагт огцом өссөнөөр технологийн салбарын тэрбумтнуудын хөрөнгө нэг өдөрт 59 тэрбум ам.доллароор нэмэгджээ. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харвал “Amazon.com” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос хөрөнгийн хэмжээгээ 10.5 сая ам.доллароор нэмэгдүүлснээр тухайн өдрийн “Гол ялагч” болов.
Энэхүү мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцааны ханш 12 хувиар өссөн нь хоёрдугаар сараас хойш гараагүй эерэг үзүүлэлт болсон байна.
Харин “Amazon.com”-д Жефф Безосын халааг авсан Гүйцэтгэх захирал Энди Жасси зардлаа танах арга зам эрэлхийлж байгаагаа мэдэгдсэн юм.
Үүний зэрэгцээ “Alphabet” компанийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пейжийн хөрөнгө 5.3 тэрбум ам.доллароор өссөн бол “Microsoft”-ийн Гүйцэтгэх захирал асан Стив Балмерийнх зургаан тэрбум гаруй ам.доллароор нэмэгдсэн байна.
Мөн “Tesla” болон саяхан худалдаж авсан “Twitter” гэсэн хоёр том компанид цагаа зарцуулах болсон тэрбумтан Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 9.6 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Аравдугаар сард АНУ-ын инфляц хүлээлтээс давж саарсан тайлан гарч, Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг өсгөх эрчээ бууруулах хүлээлт үүссэнээр “S&P 500” индекс 5.5 хувиар, “Nasdaq 100” индекс 7.5 хувиар өсөөд байна. Оны ихэнх үед уналттай байсан технологийн компанийн хувьцаануудын ханш энэхүү өсөлтөд гол жин даржээ. Энэ нь “Bloomberg”-ийн жагсаалтад багтсан АНУ-ын технологийн салбарын 32 тэрбумтанд сайн мэдээ болж байна. Тэдний дийлэнх нь өөрсдийн байгуулсан компаниасаа ихэнх хөрөнгөө бүрдүүлдэг бөгөөд жишээлбэл: Жефф Безосын нийт хөрөнгө болох 120 тэрбум ам.долларын 80 гаруй хувь нь “Amazon.com” компанид хувьцаа хэлбэрээр байдаг аж.
Хэдийгээр Жефф Безос нэг өдрийн дотор асар их хэмжээгээр хөрөнгөө нэмэгдүүлж чадсан ч өргөн хүрээг хамарсан технологийн хувьцааны хангийн уналтын улмаас энэ онд түүний хөрөнгө 73 тэрбум ам.доллароор буураад байгаа юм.