
Аравдугаар сарын 10-наас хойш Украины цахилгаан станцуудын бараг гуравны нэг нь ОХУ-ын агаарын довтолгоонд өртөж сүйрсэн болохыг тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. Мөн Украин даяар эрчим хүчний тасалдал үүсээд байгааг тэрбээр нэмж мэдээлсэн бол “Bloomberg”-ийн сурвалжилснаар тус улсын эрчим хүчний сүлжээ тогтвортой ажиллаж байгаа аж.
Одоогоор эрчим хүч болон усан хангамжийг хэсэгчлэн сэргээгээд байгаа ч чухал ач холбогдолтой дэд бүтцүүд дахин агаарын цохилтод өртөж гэмтсэн болохыг Киев хотын Захирагч Виталий Кличко онцлоод Украины нийслэлийн иргэдийг хэрэглээгээ хэмнэхийг зөвлөсөн байна.
Сүүлийн 10 хоногийн хугацаанд ОХУ-ын арми Украины хотуудад 190 удаа пуужин болон “Камиказе” дроны цохилт өгснийг Украины Онцгой байдлын албаны төлөөлөгч Александр Хорунжий мэдээллээ. Үүний улмаас 16 мужийн нутаг дэвсгэрт 70 гаруй хүн амь үрэгдэж, 240 хүн шархадсан байна.
Зөвхөн аравдугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын довтолгооны улмаас 20 гаруй энгийн иргэн амиа алдаж, 22 иргэн шархадсан болохыг Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын Орлогч дарга Кирило Тимошенко “Телеграм” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Мөн Днепр, Житомир хотууд дахь эрчим хүчний байгууламжууд цохилтод өртөж, томоохон гэмтэл гарсныг тэрбээр мөн онцолжээ.
Үүнээс гадна мягмар гарагийн өглөө Харьков дахь хүмүүнлэгийн тусламжийн барааны агуулах “C-300” гэх зургаан пуужингийн цохилтод өртсөн болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын дроныг замд нь устгасан албан хаагчдад талархал илэрхийлж, “Дрон устгах болгонд хүний амь аврагдаж байна гэсэн үг” хэмээжээ. “Ройтерс”-ийн мэдээлснээр Иран улс ОХУ-ын армид газар-газар ангиллын пуужин, нэмэлт дрон нийлүүлэхээр гэрээ байгуулсан аж.
Европын Холбооны гишүүн орнууд Иранд үйлдвэрлэсэн дронуудыг ОХУ хүлээн авсан тухай нотлох баримтыг нягтлан шалгасны дараа Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авах эсэхээ шийднэ гэж ойрын эх сурвалж мэдээлсэн байна.