
Өвөлжилтийн бэлтгэл хэвийн хангагдаж байгаа ч зарим аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Энэ жил нийт нутгийн 80 хувьд зуншлага сайн байсан ч баруун болон өмнө төвийн зарим нутгаар ургамлын ургалт, газрын гарц тааруу, зуншлага муу байснаас шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймгийн 30 гаруй суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж.
Эдгээр аймгийн 1.7 сая мал аймаг дундын отрын бүсэд өвөлжих хүсэлтээ гаргасан байна. Энэ онд аймаг дундын отрын есөн бүс нутгийн бэлчээрийн даацад тохируулан 833.7 мянган мал оруулахаар тооцоолоод байгаа аж. Эдгээр бүс нь 700 гаруй мянган мал хүлээн авах хүчин чадал, бэлчээрийн нөөцтэй. Хэдий тийм боловч энэ жилийн хувьд малын тоо толгой хэт өсөж, хоёр сая гаруй мал отрын бүсэд байх шаардлага үүсээд байгаа юм.
Иймд аймгууд өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан онцолж байна. Түүнчлэн өвөлжилт хүндэрч болзошгүй учраас зарим аймгийн удирдлагууд малаа зах зээлийн эргэлтэд оруулах талаар чиглэл өгч байгаа аж.
Улсын хэмжээнд одоогоор 90 сая орчим толгой мал бэлчээрлэж байгааг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Өнгөрсөн оны эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоолж, 2022 онд 24 сая толгой төл бойжуулсан байна.
Аравдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар малчид бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 60 гаруй хувийг бэлтгээд байгаа бөгөөд 878.8 мянган тонн өвс, 3.4 мянган тонн сүрэл, 16.9 мянган тонн ногоон тэжээл, 7.2 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 23.6 мянган тонн гар тэжээл, 2.5 мянган тонн дарш, 38.9 мянган тонн хужир, шүү бэлтгэжээ.
Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 12.1 мянган тонн өвс, 3.5 мянган тонн тэжээл бэлтгээд байгаа аж. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 48 хувийг, тэжээлийн 28.3 хувийг бэлтгэсэн байна.
Жил бүр Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгаас бусад аймаг хадлан бэлтгэдэг бөгөөд баруун бүсийн аймгууд аюулгүйн нөөцөд бэлтгэх өвсний 43.3, тэжээлийн 30.5 хувийг бэлтгэжээ. Тухайлбал: Баян-Өлгий аймаг 86.2, Увс аймаг 95.4, Ховд аймаг 112.2 хувийг бэлтгэсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энэ жил Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Өвөрхангай зэрэг аймгийн нутагт зуншлага тааруу байсан тул мал тарга авсангүй. Өвөлжилт хүндрэх төлөвтэй. Малчдын өвлийн бэлтгэлд анхаарч Засгийн газраас өвс тэжээлийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай албан бичиг хүргүүлсэн. Татвараас чөлөөлбөл нэг шуудай хорголжин тэжээл 9000 орчим төгрөгөөр хямдрах боломжтой. ХХААХҮЯ хивэг хангалттай байгаа гэдэг ч баруун аймаг руу тээвэрлэхэд ОХУ-аас орж ирэх хивэгнээс үнэтэй болдог. Иймд баруун аймагт очих өвс, тэжээлийн татварыг чөлөөлөх хэрэгтэй байна” гэж чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж байсан юм.