
Аравдугаар сард БНХАУ-ын зээлийн өсөлт 2019 оноос хойших хамгийн сул түвшинд хүрсний зэрэгцээ банкнуудын зээл олголт сүүлийн таван жилийн хамгийн бага дүнгээр өссөн байна. Энэ нь цар тахлын хязгаарлалт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтын нөлөөгөөр дэлхийн хоёр дахь том эдийн засгийн удаашрал цаашид үргэлжлэхээр байгааг харууллаа.
Тус улсын эдийн засагт зээл олголтын хамгийн өргөн хүрээний хэмжүүр болдог мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 908 тэрбум юань болсныг БНХАУ-ын Ардын банкнаас мэдээлжээ. 2021 оны аравдугаар сард энэ үзүүлэлт 1.6 их наяд юань байжээ. БНХАУ-ын банкнууд хоорондын хөрвөх чадвар хангалттай ч хувийн хэвшил зээл авах гэж яарахгүй байгаа дүр зураг ажиглагдаж эхэлснийг шинжээчид онцолж байна.
Түүнчлэн банк санхүүгийн байгууллагууд аравдугаар сард шинээр 615 тэрбум юань буюу 84.8 тэрбум ам.долларын зээл олгосныг БНХАУ-ын Төв банкны тайланд дурджээ. Энэ нь 2017 оны 12 дугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болсны зэрэгцээ өнгөрсөн оны аравдугаар сарын дүнгээс 160 тэрбум юаниар буурсан үзүүлэлт боллоо. Мөн компаниудад шинээр олгосон дунд болон урт хугацааны зээл есдүгээр сарын үзүүлэлтээс огцом буурсан нь хөрөнгө оруулалтын эрэлт сул байгааг харуулж байна.
Зээл олголтыг хэвийн түвшинд аваачихын тулд эрх баригчид дараа дараагийн алхмаа эрчимжүүлэх шаардлагатай болж магадгүйг “Citigroup”-ийн шинжээчид онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл он дуусахаас өмнө банкнуудын заавал байлгах нөөцийн харьцааг 25 суурь нэгжээр бууруулах, мөн энэ сарын эцсээр банкнуудын үндсэн хүүг бууруулах магадлал өндөр хэвээр байгааг тодотгожээ.
Төв банкнаас дунд хугацааны зээл хэлбэрээр олгогдох нийт 2.2 их наяд юанийн дүн бүхий санхүүжилтийн хугацаа энэ оны XI-I сарын хооронд дуусах тул БНХАУ-ын Ардын банк заавал байлгах нөөцийг танах замаар тус санхүүжилтийг орлуулах боломжтойг “Everbright Securities”-ийн шинжээч Жан Шу онцоллоо.