
Зургийг: Paul Yeung/Bloomberg
Мөнгөний чанга бодлого суларч, виртуал хөрөнгийн зах зээлийн хямрал сулрах хүлээлт үүссэнээр “Bitcoin” 2013 оноос хойших хамгийн сайн үзүүлэлттэй нэгдүгээр сараа үдэж байна.
Дэлхийн хамгийн том криптовалют болох “Bitcoin”-ийн үнэ он гарсаар 39 хувиар өссөн нь энэхүү койн анх зах зээлд гарснаас хойш ердөө хоёр удаа давтагдсан үзүүлэлт аж. “CoinGecko”-ийн тайланд онцолсноор нэгдүгээр сард нийт виртуал хөрөнгийн үнэлгээ 280 тэрбум ам.доллароор нэмэгдсэний дотор “Solana”, “Axie Infinity”, “Decentraland” зэрэг жижиг криптовалютуудын үнэ хоёр дахин өссөн нь анхаарал татаж байна.
Өнгөрсөн онд гүнзгий уналтад ороод байсан виртуал хөрөнгийн зах зээл ийнхүү сэргэсэн нь инфляцын өсөлт саарахтай зэрэгцэн Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөх хувиа багасгаж, түүгээр зогсохгүй бодлогын хүүгээ бууруулах хүлээлт үүссэнтэй холбоотой аж.
“Дампуурлын мөчлөг өндөрлөж, компаниуд бүтцийн шинэчлэл хийж, зах зээлийн суурь үзүүлэлтүүд ёроол цэг ард хоцорсныг илтгэж байгаа учраас нэгдүгээр сар шинэ эхлэлийн сар болж өнгөрч байна” хэмээн крипто зах зээлийн шинжээч Ноэл Эйксон онцолжээ.
Хэдий тийм боловч криптовалют, технологийн компаниудын хувьцааны сэргэлт удаан үргэлжилнэ гэдэгт эргэлзэж байгаа эдийн засагчид олон байна. Бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдах ёстой учраас эдийн засгийн уналтаас “зөөлөн газардана” гэсэн хэт өөдрөг хүлээлт үүсэх нь өөрөө эрсдэл болох магадлалтай аж.
Ирэх долоо хоногуудад газрын тосны үнэ, цалин, хэрэглээний үнэ нэмэгдвэл “зөөлөн газардах” хүлээлт арилж, улмаар “Bitcoin” зэрэг спекулятив шинжтэй хөрөнгийн сэргэлт дуусгавар болж магадгүйг “Bank of America”-ийн стратегчид онцолж байна.