
Франц улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ болгож далайн гүний олборлолтыг олон улсын хэмжээнд хориглохыг уриаллаа. Ингэснээр далайн өвөрмөц эко системээс үнэт металл олборлоход зөвшөөрөл олгох талаар хэлэлцээр цаашид үргэлжлэхээр болж байна.
“Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл нэмэгдэж, дэлхийн биологийн олон янз байдлын хорогдол эрчимжсээр байгаа энэ үед байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг нь тодорхой бус энэхүү шинэ төслийг яаран эхлүүлэх нь буруу гэж үзэж байна” хэмээн Далайн ёроолын асуудал эрхэлсэн Олон улсын байгууллагын хуралд Францаас төлөөлөгчөөр оролцож буй Элчин сайд Оливье Гиионварш өгүүлжээ.
Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенцын хүрээнд аливаа орны харьяаллын бус их далайд явуулах олборлолтын ажиллагааг зохицуулахын зэрэгцээ далайн орчны хамгааллыг баталгаажуулах зорилгоор 1994 онд 167 гишүүн орноос бүрдсэн тус байгууллагыг байгуулж байжээ. Олборлолтын зохицуулалтыг хөгжүүлэх хэлэлцээр хэдэн жилийн турш үргэлжилсний эцэст 2021 онд тус байгууллагын гишүүн орон Науругийн зүгээс далайн гүний олборлолтын журмыг хоёр жилийн дотор хэлэлцэж батлах ёстой гэсэн заалтыг гэрээнд оруулсан байна.
Сүүлийн хоёр долоо хоногт энэ төслийг “Урьдчилан сэргийлэх зорилгоор түр завсарлуулах” уриалгыг Франц, ХБНГУ, Испани, Чили, Шинэ Зеланд зэрэг гишүүн орнууд дэвшүүлээд байна. Учир нь далайн гүний эмзэг бөгөөд биологийн олон төрөлт эко системд олборлолтын үзүүлэх нөлөөний талаар судалгаа шинжилгээний ажил хангалттай бус гэж үзсэн байна.