
Зургийг: Michaela Handrek-Rehle/Bloomberg
БНХАУ-ын технологийн компаниудыг чиглэсэн АНУ-ын төрийн хязгаарлалтын арга хэмжээ улам чангарч, Ерөнхийлөгч Жо Байден "Huawei" компанийг "Intel", "Qualcomm" зэрэг АНУ-ын ханган нийлүүлэгчдээс бүр мөсөн тусгаарлах шийдвэр гаргаж магадгүй болжээ. Жо Байдены засаг захиргааны албан тушаалтнууд лицензийн бодлогыг хэрхэн зохицуулах, цаашлаад тус компанид чиглэсэн бүх борлуулалтыг хориглох эсэх талаар хэлэлцэж байгааг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп БНХАУ-ын Шэньжэньд төвтэй тус компанийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор "анхааралд авах” аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад нэмснээс хойших дөрвөн жилийн хугацаанд тус улсын компаниуд Huawei-д хязгаарлагдмал байдлаар бараа, бүтээгдэхүүн борлуулж байсан юм. Мөн АНУ-ын ханган нийлүүлэгчид “Huawei”-тай худалдаа хийхдээ холбогдох яамнаас зөвшөөрөл авах шаардлагатай болж байв.
“Huawei”-ийг БНХАУ-ын Засгийн газар болон зэвсэгт хүчинтэй ойрын харилцаатай хэмээн АНУ-ын тал эртнээс сэжиглэсээр ирсэн юм. Тэгвэл АНУ-ын БНХАУ-тай хийх харилцаа Жо Байдены засаглалын үед улам хурцдаж, Бүгд найрамдах намынхан ч түүнийг БНХАУ-ын технологийн давуу талыг хязгаарлахыг эрчимтэй шаардсаар байна.
Өнгөрсөн долоо хоногт Жо Байдены засаг захиргаа БНХАУ-д гаргах хагас дамжуулагч үйлдвэрлэлийн машин механизмын экспортын хоригтоо Нидерланд, Япон улсыг нэгтгэж чадсан юм.