
Зургийг: autoblog.com
Францын автомашин үйлдвэрлэгч “Renault” компани “Nissan”-д эзэмшдэг хувьцааны хэмжээгээ бууруулах тохиролцоонд хүрсэн байна. Энэ нь тус компани олон арван жилийн турш хамтран ажилласан “Nissan” компанитай хийх харилцаагаа сэргээхийн зэрэгцээ эрчимтэй хувьсаж буй авто үйлдвэрлэлийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилготой аж.
Энэ хүрээнд тус компани одоо эзэмшиж буй 43 хувьд ногдох хувьцаагаа Францын трастад шилжүүлэх замаар 15 хувь болгон бууруулах аж. Тус траст нь одоогоор 4.18 тэрбум ам.доллартой тэнцэж буй тэдгээр хувьцааг жил дамнан ээлж дараатайгаар зарахаар төлөвлөсөн байна.
Дээрх төлөвлөгөөг компанийн удирдах зөвлөл эцсийн байдлаар баталсны дараа “Renault” өөрсдийн “Ampere” цахилгаан автомашин ба программ хангамжийн бизнесээ хөгжүүлж, цаашлаад энэ оны сүүлээр хувьцаагаа нээлттэй санал болгох боломжтой болох юм.
“Bloomberg”-ийн үзэж буйгаар “Renault” 43.3 хувийн эзэмшлээ 15 хувь болгосноор дөрвөн тэрбум еврогийн татварын өмнөх ашиг хийснээр цахилгаан автомашины шилжилт нь илүү хялбар болох аж.