logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Европын Төв банк болон Английн Төв банк бодлогын хүүгээ өсгөж, хатуу бодлогоо үргэлжлүүлэх дохио өглөө
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 16 15:50
    387
    Европын Төв банк болон Английн Төв банк бодлогын хүүгээ тус бүр 50 суурь нэгжээр өсгөв

    Европын Төв банк пүрэв гарагт болсон хурлаараа бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж, хоёр хувьд хүргэлээ. Еврог анх гүйлгээнд нэвтрүүлсэн цагаас хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа инфляцыг хазаарлах зорилго бүхий бодлогын хүүгийн өсөлтийн мөчлөг удаан хугацаанд үргэлжлэх тул хөрөнгө оруулагчид бэлтгэлтэй байхыг Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард анхааруулсан юм.

    BODLOGIIN-KHUU-ok.png

    Энэ онд бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр дараалан өсгөөд байсан Европын Төв банк эдийн засагчдын таамаглалын дагуу энэ удаа эрчээ сааруулсан байна. Үүний зэрэгцээ бодлого боловсруулагчид үнийн өсөлтийн эсрэг тэмцлээ эрчимжүүлэх зорилгоор 5.3 их наяд ам.доллароор хэмжигдэх бондын багцаа хумих шийдвэр гаргажээ.

    ECB-INFLATION-FORECAST-GFX.png

    “Үүнийг Европын Төв банкны мөнгөний бодлогын эргэлтийн цэг гэж бодож байвал эндүүрэл. Багагүй хугацааны турш бодлогын хүү 50 суурь нэгжээр өссөөр байна гэсэн хүлээлттэй байх хэрэгтэй. Туулах зам их байна, тоглоом дуусах болоогүй” хэмээн Кристин Лагард хэвлэлийн хурлын үеэр өгүүлжээ.

    Арилжаалагчдын дунд Европын Төв банкны бодлогын хүүгийн ирэх онд хүрэх оргил түвшин гурван хувь байна гэсэн таамаглал давамгайлж байна. Төв банкны шийдвэр гарсны дараа бодлогын хүүгийн түвшинд мэдрэмтгий байдаг технологи болон жижиглэн худалдааны хувьцаанууд унаснаар “Stoxx Europe 600” индекс 2.9 хүртэлх хувиар унаж, сүүлийн нэг сарын доод түвшинд хүрчээ.

    BOE-RATE-HIKE-GFX.png

    Харин Английн Төв банк бодлогын хүүгээ мөн адил 0.5 нэгж хувиар өсгөж, 2008 оны санхүүгийн хямралаас хойших дээд түвшин болох 3.5 хувьд хүргэсэн ч Их Британийн инфляц нэгэнт оргилдоо хүрсэн байж магадгүйг онцоллоо. Тус банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хоёр гишүүн бодлогын хүү үнийн дарамтыг арилгахад хангалттай түвшинд хүрсэн хэмээн үзэж, энэ удаа өсгөхгүй байх санал өгсөн байна.

    Инфляцын төлөвтэй холбоотой эрсдэл “өндөр” тал руу хэвийсэн хэвээр байгаа тул Английн Төв банк инфляцыг зорилтот хоёр хувьд тогтворжуулах зорилтоосоо ухрахгүйг тус банкны тэргүүн Эндрю Бэйли өгүүлжээ.

    Ийнхүү энэ долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн банк, Европын Төв банк, Английн Төв банк бүгд бодлогын хүүгээ тус бүр 0.5 нэгж хувиар өсгөлөө.

    Cэтгэгдэл бичих