
Зургийг: vip76.mn
Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх чиглэл өгсний дагуу Авлигатай тэмцэх газар, Ерөнхий прокурорын газар, тагнуул, цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлснийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Түүний мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байгаа бөгөөд авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байгаа аж. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполоор эрэн сурвалжлах юм байна.
Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, "Тавантолгой төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг яллагдагчаар татах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлснийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. Ч.Сайханбилэг 2019 оны 12 дугаар сард АНУ руу, Н.Удаанжаргал 2022 онд БНСУ, Т.Бадамжунай 2018 онд Замын-Үүд боомтоор гарчээ.
“Шувуу” ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан хүмүүсийг авчрах бүх талын арга хэмжээ авч, дипломат харилцааны шугамаар гадаад улсын байгууллагатай хамтран ажиллаж дээрх хүмүүсийг авчрах ажиллагааг зохион байгуулах юм байна. Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд авлигын эсрэг конвенцод нэгдсэн гишүүн орнуудаараа дамжуулан нэр бүхий хүмүүсийг шилжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгийг өмнө нь тодотгож байсан юм.
Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх “Таван Ш” ажиллагаа явуулахаар болсны нэг “Шувуу” ажиллагаа энэ долоо хоногоос эхэлж байна.