logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Оливер Тервалл: Монголоос гарсных нь төлөө гадаад компанид 30 хувийн татвар ногдуулж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 11 08:45
    682
    “EuroChamber”-ийн ТУЗ-ийн дарга Оливер Терваллтай ярилцлаа

    - Сүүлийн жилүүдэд дэлхийн хөрөнгө оруулалтын орчинд томоохон өөрчлөлтүүд гарсан. Дэлхийн өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлд хэр ахицтай байна гэж бодож байна вэ?

    - Жилийн өмнө Холбооны Нөөцийн банкны бодлогын хүү 0.25 хувьтай байсан. Харин одоо 4.75 нэгж хувиас таван хувийн хооронд байна. Одоогийн байдлаар АНУ-ын инфляц зургаан хувь давсан үзүүлэлттэй байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Төв банк инфляц зорилтот хоёр хувийн түвшинд дөхтөл бодлогын хүүгээ хатууруулах дохио өгч байна. Тэгэхээр 25 суурь нэгжээс 500 суурь нэгж хүртэл эрчимтэй нэмэгдсэн нь капиталын өртөгт томоохон өөрчлөлт дагуулна. Өөрөөр хэлбэл хөгжингүй орнуудад илүү өгөөжтэй боломжууд байх үед хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалт хийх сонирхол буурна. Энэ нь зөвхөн хөгжиж буй орнуудад хамааралтай зүйл биш. Мэдээж, ам.доллар ашигладаггүй улс орон бүрд гадаад хөрөнгө оруулалт татахад нэлээдгүй сорилтууд тулгардаг. Монгол Улсын хувьд газарзүйн байршилтай холбоотой хэд хэдэн сорилтууд байна. Бага зэрэг эрсдэлтэй гэмээр байрлал. Энэ нь ОХУ, Украины дайнтай голчлон холбоотой. Мөн БНХАУ болон ОХУ-ын цаг бүр бэхжиж буй харилцаатай ихээхэн хамааралтай хүчин зүйл. Гэхдээ үүний дийлэнх нь бусад улс орнууд хэрхэн харж байгаагаас хамаарна. Монгол Улсад энэ нь ямар нэгэн эрсдэл болохгүй гэж бодох тохиолдлууд байна. Үүнтэй би ч хувьдаа санал нийлнэ. Хэдий тийм боловч харах өнцөг маш чухал. Үүссэн асуудлууд гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахыг хэрхэн хүлээн авч буйд томоохон өөрчлөлтүүдийг дагуулсан гэж бодож байна. 

    - Сүүлийн жилд эдийн засагт олон сорилт, өөрчлөлтүүд бий болсон талаар та дурдлаа. Монгол Улс энэ цаг үетэй хэрхэн дасан зохицож байна вэ ? 

    - Монгол Улс хөрөнгө оруулалт татахаар бизнесийн орчиндоо шаардлагатай өөрчлөлтүүд хийхийг зорьж байна. Миний мэдэх зарим өөрчлөлтүүдээс харвал шүүхийн системд өөрчлөлт оруулсан. Ялангуяа жил гаруйн өмнө хийгдсэн хэрэг шийдвэрлэх процессыг удаашруулж буй асуудлуудад өөрчлөлт хийж, хэрэг шийдвэрлэлтийг хялбарчлахаар зорьсон өөрчлөлтүүд байна. Үүнээс гадна Монгол Улс татварын тогтолцоо нь гадаадын хөрөнгө оруулагчдад бэрхшээл болохоос сэргийлэхээр хэрэгтэй өөрчлөлтүүдийг хийхээр судалж байна. 

    - Таны туршлагаас харвал хөрөнгө оруулагчид аливаа улсад хөрөнгө оруулахдаа татварын тодорхойгүй асуудлуудад хэрхэн ханддаг вэ? Бид “Kincora Copper”-ийн жишээг бас сая ярьсан. Эцэстээ татварын асуудал нь хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтаа татах хүчин зүйл болдог уу ?

    - Тийм гэж бодож байна. Учир нь хөрөнгө оруулагчид татварыг зэгсэн хүндрэл учруулж байна гэж харж байгаа. Татварыг газрыг ч хэлэлцээр бүр дээр байж болох хамгийн их дүнгээр татвар ногдуулдаг гэж харж байна. Тэгээд “Kincora Copper” зэрэг компани шиг байдалд орж, төстэй асуудалд унахгүй байхаар шийднэ. “Kincora Copper”-ийн тохиолдолд хэд хэдэн хөрөнгө оруулагч тэдэнтэй адил байдалд орж магадгүй гэж үзсэн. Өөрсдийгөө хамгаалаад, татварын маргаанд оролцоод л дуусна. Ирээдүйд ч татварын маргаан үүсэж магадгүй. Худалдан авах дүн дээр татвар ногдуулж, татварын маргаан үүссэнээр маш их цаг, мөнгө үрэгдэнэ. Татварын газартай асуудал үүсгэж байхын оронд анх юу хийх гэж байснаа амжуулж болно шүү дээ. Хайгуулаа хийгээд, төслийнхөө олборлолтыг эхлүүлнэ. Нэмээд хэлэхэд гадаадын компаниудад бусдын хувийг авахад хөрөнгийн орлогын татвар гэж байдаг. Хөрөнгийн орлогын татвар гэгдэж байгаа ч үнэндээ хөрөнгө нэмэгдүүлсэнд нь ногдуулсан татвар биш. Нэмэгдүүлсэнд нь биш нийт хөрөнгөд нь ногдуулсан татвар юм. Тэгэхээр энэ төрлийн татвар гадаадад болон Монголд өөр байгааг зориуд тодотгомоор байна. Монголд хувиа зарвал ахиу татварын хувь хэмжээгээр татвар тооцно. Энэ нь хувь хүнд 10 хувь, байгууллагад 10-аас 20, 25 хувь хүртэл байх юм.

    Гадаадын иргэдэд 20 хувийн татвар ногдуулж байна. Мөн гадаадын иргэдэд нийт дүнд нь татвар ногдуулдаг бол Монголын иргэдэд цэвэр дүнд нь тооцож татвар ногдуулж байна. Өөрөөр хэлбэл ашгаас нь татвар авдаг гэсэн үг. Үр дүнд нь гадаадын иргэдийн хувьцааны арилжаанд ногдуулсан татвар монголчуудад ногдуулснаас огт өөр дүнтэй болж байна. Үүнд ямар нэгэн шалтгаан байхгүй л юм шиг байна. Гэхдээ Татварын ерөнхий газар гадаадын иргэд илүү төлөх ёстой гэж үздэг байж магадгүйг эс тооцвол шүү дээ. Жишээлбэл: нэг компани Монголд ирлээ, тэр нь ашигт малтмалын компани байлаа гэж бодъё л  доо. Тэр компани Монголд богино хугацаанд ажиллаад гарахаар шийдэж лицензүүдээ зарахаар боллоо гэхэд гадаадын компани учраас Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд багадаа 10 хувийн татвар, хувьцааны арилжаанд 20 хувийн татвар ногдуулна. Тэгэхээр энэ нь Монголоос гарсных нь төлөө авдаг 30 хувийн хураамж болж байгаа юм. Хэрэв ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх татварыг арилжааны үнээр тооцоогүй бол магадгүй 30 хувиас давж ч болно.  

    Миний хувьд татварын байгууллага нь ашигт малтмалын лицензийн худалдаанд өөрийн үнэлэмжээр татвар тогтоодог эрх мэдэлтэй ганц ч улс дэлхийгээс олоогүй байна. Мөн хувьцааны арилжаанд багагүй хувийн буюу 20 хувийн татварыг нийт дүнд нь тооцож ногдуулдаг улс ч ховор байх гэж бодож байна. Ерөнхийдөө хүмүүс ашиг хийсэн л бол татвараа дуртайяа төлнө. Харин алдагдал хүлээсэн, эсвэл зүгээр л ашиггүй ажилласан бол энэ төрлийн татвар нь маш их дүнтэй болж хувирна.  Мөн Монголд бизнес эрхлэх урам зоригийг ихээхэн мохоох болно.

    Cэтгэгдэл бичих